Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч иргэдээс уучлал хүсэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ, 2025 хоёрдугаар сарын 26 /RIA Novosti/. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг албан тушаалаас нь огцруулах үйл явцыг эхлүүлэхтэй /импичмент/ холбоотой хэргийг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн шүүх хурлын сүүлчийн сонсгол өчигдөр болжээ.
Энэ үеэр Юн Сог Ёль сүүлчийн үгээ хэлэхдээ иргэдээсээ уучлалт хүсээд, улс орон, ард түмнийхээ эрх ашгийн үүднээс онц байдал тогтоосон гэдгээ онцлон дурдсан байна.
“Улс орон, ард түмний эрх ашгийн үүднээс онц байдал тогтоосон хэдий ч явцын дунд эрхэм иргэд та бүхэнд хүндрэл учруулж, та бүхнийг төөрөгдүүлсэндээ би чин сэтгэлээсээ хүлцэл өчиж байна" гэж тэрбээр мэдэгдлээ.
Юн Сог Ёль цааш нь хэлэхдээ, өөрийг нь дэмжиж байсан залуус "хүнд хэцүү байдалд орсонд маш ихээр сэтгэл зовниж, гэмшиж" байгаагаа илэрхийлсэн байна. Залуус гэдэг нь өнгөрсөн сард үймээн дэгдээсэн хэргээр саатуулагдсан хүмүүсийг хэлсэн бололтой.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мөн өөрийг нь дэмжиж байсан болон шүүмжилж байсан хүмүүс бүгд "эх орноо хайрласандаа" ийм үйлдэл хийсэн гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Үндсэн хуулийн цэц "хоёрдугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагаас Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мокийн зүгээс Үндсэн хуулийн цэцийн шүүгчээр Ма Юн Хюкийг томилохоос татгалзсан нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар шийдвэр гаргана" гэдгээ хоёрдугаар сарын 25-нд мэдэгджээ. Эл асуудлыг хэлэлцэх хүсэлтийг Өмнөд Солонгосын парламентын дарга Ву Вон Сик гаргажээ.
Хэрэв шүүгчдийн бүрэлдэхүүн хэвээр үлдвэл Юн Сог Ёлийг огцруулахтай холбоотой хэргийн талаарх эцсийн шийдвэрийг гаргахын тулд дахин хэд хэдэн удаа сонсгол хийж, санал хурааж, шийдвэрийн эх хувийг боловсруулж, зарлах ёстой бөгөөд үүнд хоёр долоо хоногийн хугацаа шаардлагатай. Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргахад зургаадугаар сарын 12 өдөр хүртэл хугацаа байгаа боловч гуравдугаар сарын дундуур шийдвэр гарах бололтой.