ГОВЬ-АЛТАЙ: Сургууль, цэцэрлэгийн багш нарыг сургагч багшаар бэлтгэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас “Аюулгүй амьдрах ухаан” сургалтыг зохион байгуулж, сургууль, цэцэрлэгийн багш нарыг сургагч багшаар бэлтгэв.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын сургуулийн өмнөх насны хүүхэд, багачуудын гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадварыг нэмэгдүүлэх, аюулгүй амьдрах арга ухаанд суралцуулах, болзошгүй аюул ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн модулиар сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.
Бэлтгэгдсэн сургагч багш нар тухайн цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдүүдэд болзошгүй аюулаас өөрийгөө аврах сургалт, дадлагыг өдөр тутамдаа хийж эзэмшүүлэх чухал ач холбогдолтой юм гэдгийг оролцогч багш нар онцлон хэлж байлаа.
Сургалтад Есөнбулаг сумын 1-11 дүгээр цэцэрлэг, Хантайшир эрдэм цэцэрлэгийн аргазүйч, багш, эмч нарыг хамруулан зохион байгуулж, 3 удаагийн 12 цагийн сургалтад 90 гаруй сургагч багш бэлтгэжээ.