ДАРХАН-УУЛ: Математикийн багш нарыг чадавхжуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. "Боловсрол-2032" хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн математикийн багш нарыг чадавхжуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар боллоо. Энэ хүрээнд орон нутгийн удирдлагууд математикийн багш нарыг хүлээн авч уулзлаа.
Аймгийн хэмжээнд төрийн өмчийн ЕБС-д 79 багш, хувийн хэвшлийн сургуулиудад 23 багш, мэргэжлийн боловсролын сургуульд найман багш нийт 110 математикийн багш ажиллаж байна. Үүнээс 40 орчим хувь нь 15 хүртэлх жил багшилсан туршлагатай байна.
15 хүртэлх жил ажилласан залуу багш нарыг сургалтад зайлшгүй хамруулах бол 15-аас дээш жил ажилласан багш нар өөрсдийн хүсэлтээр хамрагдах боломжтой аймгийн засаг дарга тодотгов.
Сургалт нэг жилийн хугацаанд гурван удаа зохион байгуулна. Энэ үеэр багш нарын дунд ур чадварын уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ. Сургалтад Дархан-Уул аймаг дахь туршлагатай заах арга зүйн багш нар, Улаанбаатар хотоос мэргэжлийн багш нарыг урьж хамтран ажиллана.
Эхний ээлжийн сургалт хоёрдугаар улирлын сурагчдын амралтаар буюу ирэх сарын 7-11-ний хооронд 5 хоногийн хугацаатай болно.
Сүүлийн жилүүдэд төрийн өмчийн сургуулийн багш нар хувийн хэвшлийн сургуульд ажиллах сонирхолтой болсон. Иймд төрийн өмчийн сургуульд туршлагатай, шилдэг багш нараа авч үлдэхийн тулд нийгмийн баталгааг нь бодлогоор хангана гэдгийг ч онцлов.
Тухайлбал энэ жилээс тус хичээлийн багш нарын амьдрах орон сууцны урьдчилгаанд хөнгөлөлт эдлүүлэх хөтөлбөрийг зарлана гэж аймгийн Засаг дарга мэдэгдлээ. Аймгийн хэмжээнд жил бүр нийт төгсөгчийн 70 орчим хувь нь математикийн хичээлээр элсэлтийн шалгалт өгдөг гэсэн судалгаа байна.
Элсэлтийн
ерөнхий шалгалтын голлох хичээлийн нэг математикийн багш нарыг хөгжүүлэх, ур
чадварыг нь нэмэгдүүлэх, заах арга барилаа нэмэгдүүлэхэд нь ийнхүү орон нутгийн
түвшинд анхаарч ажиллаж эхэллээ.



