ДАРХАН-УУЛ: Монголын хүртээмжтэй ногоон хотууд төслийг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-03-12 16:47:27

Дархан, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Даян дэлхийн байгаль орчны санхүүжилттэй (ДДБОС) “Тогтвортой хотуудын үр нөлөө” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод “Монголын хүртээмжтэй ногоон хотууд” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. НҮБ-аас дэлхийн 20 гаруй оронд хэрэгжих уг төсөл судалгааны түвшинд явж байгаа бөгөөд урьдчилсан хэлэлцүүлэг, орчны судалгаа, хүрэх үр дүнгийн талаарх уулзалтууд сар бүр болж байна.


2026 оноос эхлэн таван жилийн хугацаанд хэрэгжиж эхлэх уг төсөл нийтдээ 11 салбар үзүүлэлт багтсан байна. Салбар үзүүлэлтээс Дархан хот ногоон байгууламж нэмэгдүүлэх, хог хаягдлын менежментийг шийдвэрлэж чадах, хөгжлийг хурдасгах хүн ам, газар нутгийн таатай нөхцөл бүрдсэн учраас төсөл хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн.


Монголын хүртээмжтэй ногоон хотууд төслийн баримт бичгийг боловсруулах ажлын багийнхан Дархан-Уул аймагт ажиллалаа. Энэ хүрээнд аймгийн Засаг дарга болон холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж хэрэгжүүлэхээр ажиллаж буй төслийн төлөвлөгөө танилцуулан, харилцан санал солилцож, орон нутагтай зөвшилцөж байна.


Энэхүү төсөл нь хотууд болон орон нутгийн засаг захиргааг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, нүүрстөрөгчийн хий ялгарлыг боломжит дээд хэмжээнд бууруулах, хотын нэгдсэн ерөнхий төлөвлөлт, бодлого хэрэгжилт, хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлэх зорилготой.


Төсөл нь байгаль орчинд ээлтэй ногоон хотын эдийн засаг, нийгмийн өсөлтөд тулгарч буй гол сорилтуудыг шийдвэрлэх, түүнчлэн “Тогтвортой хотуудын үр нөлөө” хөтөлбөрийн ерөнхий зорилгод хүрэх ач холбогдолтой юм.


Дээрх гурван хотод хэрэгжих уг төсөл нийт 6.9 сая ам долларын санхжүүжилттэй бөгөөд одоогоор хот тус бүрд олгох санхүүжилтийн хэмжээг тогтоогоогүй байна.


“Монголын хүртээмжтэй ногоон хотууд” төслийн баримт бичгийг боловсруулахад олон улсын болон үндэсний зөвлөхийн баг ажиллаж байгааг тодотголоо.

 

 

相关新闻