Дуут дохио дуугаргахад сандрахгүй байж, дадлага сургуульд идэвхтэй оролцохыг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиог өнөөдөр 16:00 цагт орон даяар дуугарах тул сандралгүй тайван байж, дадлага сургуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.
Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохио дуугаргадаг уламжлалтай.
Эхний дохио дуугарахад та “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аюулгүй байдлаа хангана. Хэрэв та гудамжинд явж байвал гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламжаас холдож биеэ хамгаалан сууж, тээврийн хэрэгслээр явж байгаа бол замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ.
Хоёр дахь дохио дуугарахад яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” дүрэм баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхааруулжээ.
Гурав дахь дохио дуугарахад харьяаллынхаа засаг захиргааны нэгж болон
байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлэх юм. Гамшгийн аюулын тухай зарлан
мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд ард, иргэдийг идэвхтэй оролцож,
гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед ямар арга хэмжээ авах
тухай мэдлэгээ бататгахыг уриалсан байна.