Чанхи Ли: Монгол Улсын хувьд залуучуудын ажилгүйдлийн түвшин хэт өндөр байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэхүү төсөл нь залуучуудад тулгамдаж буй асуудлын шалтгааныг тодорхойлж, ажил олгогч, ажилтны хамтын ажиллагааг сайжруулах, шийдэл олж хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой аж.
Монгол Улсад техник, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн мэдлэг, ур чадвар ажил олгогчийн хүлээлтэд нийцэхгүй байх, ажил олгогч, залуу ажилтны хооронд соёл, ойлголтын зөрүү их байгаа бөгөөд ийм шалтгааны улмаас залуус ажилгүй, эсвэл ажлын байрандаа тогтвортой ажилладаггүй байна. Монгол Улс Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 122 дугаар конвенцод нэгдэн орсноор бүх нийтийн бүрэн, бүтээмжтэй хөдөлмөр эрхлэх эрхийг хангах үүрэг хүлээжээ. Гэвч ажил хайгчдын хэрэгцээнд суурилсан хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөтөлбөрийг боловсронгуй болгож, институцын чадавхыг бэхжүүлэх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд ярьж байна. Тэгвэл уг төслөөр Засгийн газар, нийгмийн түншлэгч талуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, залуучуудын хөдөлмөрийн нөхцөл, бүтээмжийг урт хугацаанд тогтвортой сайжруулах зорилготой аж.
Хөдөлмөрийн
бодлогын газрын дарга Д.Ренчиндорж ярихдаа, “Солонгосын
Засгийн газрын буцалтгүй тусламжаар энэхүү төслийг хоёр жил гаруй хугацаанд
хэрэгжүүлнэ. Ингэхдээ ноос ноолуурын салбарт хүний нөөцийн хөдөлмөр эрхлэлтийн
байдлыг нарийвчлан судалж, Монголын залуучуудад тохирсон хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих бодлогын зөвлөмж гаргана. Төсөл маань 400 мянган ам.долларын санхүүжилттэй.
Манай улсад ажилгүйдлийн түвшин дөрөвдүгээр улирлын байдлаар 5.3 хувьтай байна”
хэмээв.
Тэгвэл ОУХБ-ын
БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли хэлэхдээ, “Залуучуудын
ажилгүйдлийн түвшин зөвхөн Монголынх биш бүх улс орны тулгамдаж буй асуудал юм.
Монгол Улсын хувьд залуучуудын ажилгүйдлийн түвшин хэт өндөр байна. Ажил олгогч
талаас ажиллах хүч хэрэгтэй, хомсдолд ороод байна гэж тайлбарлаж байгаа нь
сонирхолтой. Ажилтан, ажил олгогчийн хүлээлтийн зөрүүнээс болж шилжилт
хөдөлгөөн их. Энэ салбарын асуудлыг шийдэхийн төлөө ажиллана” гэв.
Төслийн зорилго нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудалд дүн шинжилгээ хийж, хүний нөөцийн бодлого, бүтээмж, ажлын байрны менежментийг сайжруулах арга хэрэгслийг түгээн дэлгэрүүлэхэд оршиж байгаа аж. Төслийг ноос ноолуур болон зочлох үйлчилгээний салбарт туршин хэрэгжүүлэх бөгөөд эдгээр салбар нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.