Ахмадуудад эрүүл мэнд, халамжийн үйлчилгээ үзүүлэх цогц үнэлгээ хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-04 09:17:51

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/.  “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн урт хугацааны тусламж үйлчилгээний шинэлэг тогтолцоог хөгжүүлэх нь” туршилтын төслийн үр дүнг хэлэлцлээ.


Уг төслийг 2020-2024 онд Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банктай хамтран  аймаг, дүүрэг, сумын түвшинд хэрэгжүүлсэн юм.


Төсөлд хамрагдсан ахмадуудад эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтны цогц үнэлгээ хийн гурван хэсэгт ангилсан. Үүнд, L1 буюу эхний хэсэгт хөдөлмөрийн чадвар 70-аас дээш хувьтай эрүүл, идэвхтэй ахмадууд, L2 хэсэгт орсон ахмадуудад асаргааны үйлчилгээ хэрэгтэй байгаа бол L3 хэсгийн ахмадуудад байнгын асаргаа шаардлагатай байна.


Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Ахмад настны цогц үнэлгээ гэж эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан ахмад настны бие бялдар, танин мэдэхүй, сэтгэлзүй, үйл ажиллагааны чадвар, нийгмийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, хэрэгцээ болон эрсдэлийн зэргийг үнэлэх мэргэжлийн олон талт үйл ажиллагааг хэлнэ” хэмээн заасан байдаг.


Энэхүү төслийн үр дүнд манай улс анх удаа ахмадууддаа ийнхүү цогц үнэлгээ хийжээ. Удахгүй бүх ахмадуудад цогц үнэлгээг хийхээр зорьж байна гэж ГБХНХЯ мэдээлэв.


 

相关新闻