ГОВЬ-АЛТАЙ: “Тусгаар тогтнол 3333” хөтөлбөрт Говь-Алтай аймаг нэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн төв талбайд 108 сурагч Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг бүрэн эхээр нь уншиж сонордууллаа.
Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр нэгэн зэрэг зохион байгуулсан “Тусгаар тогтнол 3333” хөтөлбөрийн хүрээнд Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаар уншуулах үйл ажиллагаа Говь-Алтай аймагт боллоо.
Тус үйл ажиллагаанд Есөнбулаг сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн ахлах ангийн сурагчид, Улаанбаатар хотын ерөнхий боловсролын “Оюуны ундраа” сургуулийн сурагчид хамрагдаж “Тусгаар тогтнол” шүлгийг уран яруу уншиж, эх орноо магтан дууллаа.
Энэхүү үйл ажиллагаа нь хүүхэд багачуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ес дэх жилдээ өрнөж буй. Харин Говь-Алтай аймаг энэ жил анх удаа оролцож буйгаараа онцлогтой юм.