Цаг агаарын мэдээний мессэж үйчилгээг 6 суманд ашигладаг болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬНутагт нь цаг агаар ямар байх, бэлчээрийн ургамлын гарц хэр байгааг Дундговь аймгийн Адаацаг, Эрдэнэдалай сумын малчид гар утасны мессежээр мэддэг болоод байсан. Мессэж үйлчилгээг энэ хоёр сумаас гадна одоо Говь- Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан сумын малчид ашиглах боломжтой болсон байна.
Малчид өөрийн аж төрж буй сум, багийн бүсчлэлийн кодыг 98018000 дугаарт мессэжээр илгээх бөгөөд ингэхдээ 1- 3 хоногийн цаг агаарын мэдээ авах бол 1, 4- 6 хоногийн мэдээ авах бол 2- ын тоог тус тус бичих юм. Үүний хариуд тухайн багийн нутагт цаг агаар ямар байх талаар хариу мэдээлэл ирнэ. Харин бэлчээрийн ургамлын гарцын талаар мэдээлэл авах бол 3- ын тоог мессэжээр илгээдэг.
Энэ мессеж үйлчилгээг Мерси Кор байгууллагын хэрэгжүүлж байгаа “ Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төслийн хүрээнд өнгөрсөн зургадугаар сард Адаацаг, Эрдэнэдалай суманд эхлүүлсэн юм. Анх эхлүүлснээс хойш 9 дүгээр сарыг дуустал 350 гаруй малчин мессэж илгээн мэдээлэл авчээ.
Малчин тухайн багийнхаа нутагт цаг агаар ямар байхыг өөрөө хүссэн үедээ авах боломжтойгоор давуу талтай энэхүү мессэж үйлчилгээг зөвхөн Дундговь бус 15 аймгийн 129 сумын малчид ашиглана.
“Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төсөл Америкийн олон улсын хөгжлийн агентлагийн харъяа Гамшигт нэрвэгдсэн гадаадын орнуудад тусламж үзүүлэх газрын санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж байгаа ажээ.
Т. Отгонтуяа