Монгол-Солонгосын гарааны бизнес эрхлэгчид туршлага солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. ЭЗХЯ, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран “Монгол-Солонгосын гарааны бизнес эрхлэгчдийн форум"-ыг зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн Газраас уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр олон ажил хийж байна. Тухайлбал, бизнесийн орчныг сайжруулах, хувийн аж ахуй нэгжийг дэмжих, гадаадаас хөрөнгө оруулалт татах зэргээр ажиллаж буй юм. Энэ удаагийн форумаар хоёр улсын гарааны бизнес эрхлэгчид хэрхэн амжилттай ажиллах талаар туршлага солилцож, инновацад суурилсан гарааны бизнесийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, экспортыг нэмэгдүүлэх бодлого, хөрөнгө оруулалтын боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонслоо.
ЭЗХЯ-ийн Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү ярихдаа, “БНСУ
нь эдийн засгийн өсөлтийн гайхамшгийг үзүүлсэн том корпорацууд ихтэй, хөгжсөн
улс юм. Энэ удаагийн форумд өрсөлдөөнтэй зах зээлд шинэ бизнесийн загвар
гаргаж, баялаг бүтээсэн 20 орчим залуу бизнесмен оролцож байна. Тэд бүгд
өөрсдийн бизнесээ дотооддоо болон олон улсад амжилттай гаргасан. Манай залуус тэднээс
туршлага судалж, өрсөлдөх чадвараа сайжруулаасай гэж хүсэж байна. Гарааны
бизнес бол эрсдэлтэй бизнесийн загвар юм. Үүнд олон төрлийн бодлого, дэмжлэг
шаардлагатай. Салбар яамнаас хөрөнгө оруулалт болон бизнесийн орчныг сайжруулах,
тэр дундаа гарааны бизнес, инновацыг дэмжсэн тогтолцоог тусгайлан авч үзэж байна”
гэв.
БНСУ гарааны бизнес эрхлэгчдээ төрийн бодлогоор дэмждэг. Тухайлбал, бүс нутаг бүртээ энэ төрлийн бизнесийг бойжуулдаг инкубатор төвтэй. Мөн шинээр
эхэлж байгаа бизнес эрхлэгчдэд алдах боломжийг олгож татварын болон санхүүгийн
дэмжлэг олгодог байна. БНСУ-ын талаас боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, хүнс,
хувцас загвар, барилга, хөнгөн үйлдвэрлэл зэрэг салбар, чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд
оролцож байна.
БНСУ-ын Ингстори /Ingstory/ компанийн үүсгэн байгуулагч Канг Нам Күү хэлэхдээ, "Манай
компани боловсролын салбарт түлхүү ажилладаг.
Бид оюутнуудыг хичээл хийх боломжоор хангасан кафе нээхээр төлөвлөж байна. Манай улсад ийм 700 гаруй кафе бий. Солонгосын хувьд шинэ санаа гаргасан хүмүүст олон төрлийн тэтгэмж өгдөг.
Тухайлбал, орлогоос хамаарч
татвар багасгах, хямд оффис санал болгох, энд ирсэн зардал хөлсийг гэхэд Засгийн
газраас даасан. Монголын хувьд яг ямар дэмжлэг үзүүлэх талаар сайн мэдэхгүй
байна. Хурлаар дамжуулан өөрт хэрэгтэй мэдээллээ авна” хэмээв.
Хуралын үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болон "2024-2028 онд хэрэгжих 14 мега төсөл", "Монгол-БНСУ хооронд байгуулах эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.