ДАРХАН-УУЛ: Чадавхжуулах сургалтад математикийн 82 багш хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-04-09 14:48:29

Дархан, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. “Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд засаг даргын санаачилгаар ЕБС-ийн математикийн багш нарыг чадавхжуулах сургалт эхэллээ.


Математикийн багш нарыг чадавхжуулах сургалтад 82 багш хамрагдаж байна. Жилд гурван удаа чадавхжуулах сургалтыг зохион байгуулах юм.


Эхний сургалтыг дөрөвдүгээр сарын 7-11-ний өдрийг дуустал тав хоногийн хугацаанд явуулна. Гурван багт хуваагдан тойргийн системээр ахисан түвшний хүнд бодлогыг олон талаас нь бодож сурах арга зүйг эзэмшүүлэхээр зорьж байна.


Сургалтыг МУИС-ийн математикийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Б.Баяржаргал, R-3 сургалтын төвийн багш Т.Базар, СЭЗИС-ийн математикийн багш Н.Дайвий-Од нар удирдан явуулж байна.


Аймгийн хэмжээнд жил бүр нийт төгсөгчийн 70 орчим хувь нь математикийн хичээлээр элсэлтийн шалгалт өгч буй судалгаа байна.


Иймд тус сургалтын үр дүнд залуу багш нарын ур чадварыг нэмэгдүүлж, сургалтын чанар сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой гэж Боловсролын газрын дарга Л.Буянтогтох онцолж байна.

 

Аймгийн хэмжээнд 110 математикийн багш ажиллаж байна.


相关新闻