Ус, цаг уурын 20 гаруй өртөөний барилга, 100 гаруй харуулын байрыг байгальд ээлтэй технологиор барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тус зөвлөгөөний үеэр Байгаль
орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа оролцож, салбарын сайдын хувьд уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж байгаа энэ үед цаг уур, орчны шинжилгээний
салбарт технологийн шинэчлэл хийх ажилд онцгойлон анхаарна. Технологийн
шинэчлэлийн хүрээнд 21 аймгийн агаарын чанарын автомат станц, дэлхийн
стандартад нийцсэн лаборатори, цаг агаарт жилийн турш зориудаар нөлөөлөх
техникийн боломжийг бүрдүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгаагаа дурдлаа. Мөн ус цаг уур, орчны хяналт
шинжилгээний салбарт хийх эрх зүйн шинэчлэлд албан хаагчдын нийгмийн баталгааг
хангах өөрчлөлтүүдийг тусган хуулийн төслийг боловсруулж байгаа аж.
Ус, цаг уурын ажилчдын ажиллах нөхцөлийг
хангах хүрээнд 20 гаруй өртөөний барилга, 100 гаруй харуулын байрыг байгальд
ээлтэй технологиор барихаар төлөвлөжээ.
Зөвлөгөөнд ЦУОШГ-ын хэлтсийн дарга нар, харьяа 4 байгууллага, 21 аймгийн УЦУОШТ-үүдийн дарга, холбогдох мэргэжилтнүүд оролцож өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлуудын алдаа оноо, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж буй юм.