Хот төлөвлөлтийн үр дүнтэй шийдлүүдийг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Хот төлөвлөлт: Үр дүнд суурилсан шийдэл”-ийн талаар хэвлэлийнхэнтэй санал бодлоо хуваалцлаа.
Монголын
хэвлэлийн хүрээлэн, Сэтгүүл зүйн хөгжлийн үүр төв хамтран зохион байгуулсан тус
уулзалтын үеэр олон улсын хот төлөвлөлтийн сайн туршлага, жишээний талаар
ярилцсан юм. УИХ-ын гишүүн Л.Лувсанжамц энэ үеэр “Иргэд, оршин суугчид амьдрах
орчноо тохижуулан мод зүлэг ургуулах, хөрсний бохирдлооос сэргийлж хог хаягдлаа
ангилж хаях, боловсруулахад өөрсдөө манлайлах ёстой. Үүнд хорооны засаг дарга
нар гол үүрэгтэй. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд Улаанбаатар хотын одоогийн нөхцөл
байдал нь иргэд хорооны болон СӨХ-ны хуралдаа суудаггүй, цөөнгүй хэсэг нь
СӨХ-ны төлбөрөө ч төлдөггүй. Энэ нь хорооны түвшинд шийдэж болох асуудлаа
хэлэлцэх боломжоо хаачихаж байгаа юм. Зүй нь бол иргэн, оршин суугч төвтэй байж
асуудлыг богино хугацаанд чанартай, дорвитой шийдэх боломжтой” гэв.
Улаанбаатар хотод агаарын бохирдол, авто замын түгжрэл тулгамдсан асуудал болоод
байгаа билээ. Тэрбээр энэ талаар тэмдэглэхдээ “Манай улсад хурдны замын төсөл хэрэгжүүлсэн
туршлагагүй тул хурдны замын төсөл хэрэгжүүлэхэд гадны орны зөвлөх
үйлчилгээг зайлшгүй авах шаардлагатай. Ингэхдээ дотоодын боломжит аж ахуйн
нэгжтэй хамтарсан байдлаар оролцоог их байхаар төлөвлөх нь зөв юм. Утааг
багасгахын тулд байшингаа дулаалахыг дэмжих ёстой. Засгийн газар,
НЗДТГ-аас орон сууц, байрны дулаалгыг дэмжих чиглэл барьж байгаа. Хувийн хэвшил, ТӨК-иуд нийгмийн хариуцлагын хүрээнд дулаалгын аян өрнүүлэх, ажилчдынхаа
гэр, байшинг дулаалах, тэдэнд зориулсан ногоон орон сууц барих боломжуудийг
нээх нь зөв шийдэл” хэмээсэн юм.