ГОВЬ-АЛТАЙ: Мазаалайд нэмэлт тэжээл тавьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Мазаалайг хамгаалах цогц ажлын хүрээнд нэмэлт тэжээл тавих биотехникийн ажлыг нэг сарын хугацаанд өрнүүлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар эхлүүлсэн үндэсний бахархалт амьтан мазаалайг хамгаалах цогц ажлын хүрээнд Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн байгаль хамгаалагч нар нэмэлт тэжээл тавих ажлыг хийжээ.
Тэд энэ оны хоёрдугаар сарын 20-ноос эхлэн гуравдугаар сарын 20-ныг хүртэл 26 цэгт байрлах 43 тэжээлийн саванд 3440 кг нэмэлт тэжээлийг эхний ээлжид хүргэж биотехникийн арга хэмжээ авч, 18 тн тэжээлийн нөөцийг бүрдүүлсэн байна.
Ташрамд, анх 1985 оноос эхлэн мазаалайд нэмэлт тэжээл тавих ажил эхэлж байсан тухай Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.