БАЯНХОНГОР: Боловсролын салбарын царцсан барилгуудын гүйцэтгэгчидтэй асуудал шийдлийг хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-04-14 15:34:53
Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Боловсролын яамны хөрөнгө оруулалтын хэлтэс, Боловсролын ерөнхий газрын барилга хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүд Баянхонгор аймагт ажиллалаа.

Ажлын хэсгийнхэн барилгын ажил нь гацсан Богд сумын дотуур байрны барилга, Шаргалжуут сургуулийн хичээлийн барилгын явц байдалтай газар дээр нь танилцав. Мөн энэ үеэр аймгийн Боловсролын газрын саналаар Баянхонгор сумын 1, 10 дугаар баг болон Шинэ суурьшлын бүсийн Гэгээн сумади сургуулийн заалны асуудал, тэнд барих цэцэрлэг дотуур байр зэрэг ирээдүйн төлөвлөлт, Номгон сургуулийн хичээлийн байрны нөхцөл байдалтай мөн танилцлаа.

Ажлын хэсгийнхнийг Баянхонгор суманд ажиллах үеэр аймгийн Засаг дарга тэргүүтэй албаныхан хүлээн авч уулзаж, барилгын ажил эхэлсэн ч төсвийн санхүүжилтийн хүрэлцээгүй шалтгаанаар 3-5 жил зогсоод байсан Богдын дотуур байрны гүйцэтгэгч "Хорол багана" ХХК, Шаргалжуутын сургуулийн гүйцэтгэгч "Очирт заан" ХХК-ийн төлөөллийг байлцуулан асуудал шийдлийг хэлэлцсэн байна.

Боловсролын яамны төлөөлөл, нэмэлт санхүүжилтийн магадлал хийгдсэн, аудитын дүгнэлт гармагц үлдэгдэл өртгийг улсын төсвөөр гүйцэтгэхээр байгаа тул одоо байгаа хөрөнгөөрөө зайлшгүй хийх ажлын гүйцэтгэлээ сайжруулахыг мөн үеэр ажлын гүйцэтгэгч нарт анхааруулав. Мөн боловсролын салбарын тоног төхөөрөмж, эд хогшлын худалдан авалт хийх хөрөнгийг орон нутгаас тодорхой хэмжээгээр шийдвэрлэх, боловсрол сургалтын байгууллагын барилгын гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулж, алдаагүй стандартад нийцсэн зураг төсвөөр хийж байхыг аймгийн удирдлагуудад санууллаа.
相关新闻