БАЯНХОНГОР: Үндсэн хуулийн хөшөө 17 жилийн түүхтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхт өдөр тохиолоо. Баянхонгор аймаг дахь Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын нэг болох Үндсэн хуулийн хөшөөг танилцуулж байна.
Үндсэн хууль болон үндсэн хуулийг батлалцахад Баянхонгор аймгаас оролцсон хүмүүсийг алдаршуулж, 2008 оны 11 дүгээр сарын 26-нд Үндсэн хуулийн хөшөөг Баганат талбайд босгож байсан түүхтэй. Харин 2014 онд Ахмадын цэцэрлэгт хүрээлэнд шилжүүлэн байрлуулжээ.
Хөшөөг боржин чулуугаар хийсэн бөгөөд суурийг нь арслангийн дүрстэй хийж нуруун дээр байрлуулсан, урд талын дээд хэсэгт тариан түрүүний дээд талд дугуй дотор соёмбыг дүрсэлсэн бол дунд хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль” гэсэн бичигтэй. Доод хэсэгт МЭДЭГТҮН! САХИГТУН!, ар талд монгол бичгээр “Монгол Улсын Үндсэн хууль” гэсэн бичигтэй бүтээсэн байна.
БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар хуралдаанаар 430 депутат шинэ Ардчилсан Үндсэн хуулиа баталж байсан бөгөөд Баянхонгор аймгаас 21 депутат оролцож байжээ. Тодруулбал, П.Пүрэвгял, О.Нямдаваа, Т.Галсан, А.Рэгзэн, Г.Бүдий, Ц.Очирбал, Б.Санджуйжав, Т.Төмөрбаатар, Н.Сэндэнжав, Г.Жадамбаа, Д.Марав, Б.Искра, Б.Сангисэрээ, Р.Доржбат, Ч.Батболд, Л.Дүйсэнсанги, Ж.Жагравал, Б.Чойжилсүрэн, М.Жадамбаа,, Л.Баяндалай, Т.Ширмэн нарын 21 депутат анхдугаар үндсэн хуулийг батлалцсан байна. Тус хуралд нийт есөн малчин оролцсон байдаг бөгөөд хоёр нь Баянхонгорынх байжээ.
Ulaanbaatar