ХОВД: Сумдад хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд Ховд аймаг олон талт ажил өрнүүлж эхэллээ.
Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүн байгууллагуудын хамтарсан ажлын баг энэ удаа хөдөөгийн сумдад “Хүүхэд-100” хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ үзүүлж байна.
Ажлын баг энэ сарын 9-11-ний өдөр Дөргөн, Чандмань, Манхан суманд ажиллав.
Тус аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 2025 оны анхны хуралдаанаар гэмт хэрэг, зөрчил их гарч байгаа сумдад хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ үзүүлж, мэргэжил арга зүйгээр хангах тухай шийдвэр гаргасан. Үүний дагуу Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон Прокурор, Цагдаа, Эрүүл мэндийн газрын хамтарсан ажлын баг томилсон нь энэ юм.
Ажлын багийнхан сумдын Хүүхдийн төлөө зөвлөл, Хамтарсан багийн гишүүд, сургууль, цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багийн төлөөлөлтэй уулзаж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Мөн сумын иргэд, хүүхэд, залууст гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хүүхдийн тоглоомын талбай стандартад нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийх гэх мэт олон чиглэлээр ажиллалаа.