СҮХБААТАР: Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгтэй хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-04-14 18:07:51

Баруун-Урт, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал, доктор Жастин Александр, аймгийн Засаг дарга М.Идэрбат нар Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт байгаль хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах түншлэлийг байгуулж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Санамж бичгийн хүрээнд Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй байгаль хамгаалах болон хүрээлэн буй орчны хууль бус үйл ажиллагаанд хяналт хийхэд дэмжлэг үзүүлэх, байгаль хамгаалагчдын чадавхыг бэхжүүлэх, нутгийн иргэд болон зэрлэг амьтдад сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр зэрэгцэн амьдрах нөхцөл бүрдүүлэх зэрэг ажилд дэмжлэг үзүүлэх зорилготой.


 

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь Монгол орны байгаль, зэрлэг амьтад, тэдгээрийн амьдрах орчныг судлах, хамгаалах чиглэлээр 20 гаруй жилийн туршид тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хоёр жилийн хугацаанд Сүхбаатар аймгийн Байгаль орчны газартай хамтарч ажиллана. Ингэхдээ төмөр замын бүтээн байгуулалтын ажил тус аймгийн газар нутагт хийхтэй холбоотойгоор зэрлэг ан амьтдыг тэр дундаа нүүдлийн амьтдыг хамгаалах, судлах чиглэлээр олон талын ажил зохион байгуулах юм.

 

Сүхбаатар аймгийн хувьд тал хээрийн нутаг учир цагаан зээр, хар сүүлт, аргаль зэрэг ховор ан амьтад нутаглаж, мөн нүүдэллэн өнгөрдөг. Дээрх төсөл хэрэгжсэнээр эдгээрээс гадна биологийн олон янз байдлын төрөл зүйлийг хамгаалах, тэдгээрт судалгаа тандалт хийх боломж бий болно гэдгийг аймгийн БОГ-ын дарга Ш.Нямхүү онцоллоо. 

相关新闻