ГОВЬ-АЛТАЙ: Нэгдүгээр ангийн хүүхдүүдийн дунд шүдний үзлэг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-04-15 15:14:42

Говь-Алтай, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газар, шүдний эмнэлгүүд хамтран нэгдүгээр ангийн хүүхдийн шүдний эрт илрүүлгийн үзлэг зохион байгуулна.


Засгийн газрын 2023 оны 322 тогтоол, Эрүүл мэнд, БШУ-ы сайдын хамтарсан 2024 оны А/27/А/25 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл шүд” үйл ажиллагааг эрчимжүүлэх, “Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор хүн амын дунд амны хөндийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, эрүүл мэндийн боловсрол олгох, иргэн бүрд зөв дадлыг хэвшүүлэх ”24/3 Шүдээ зөв угаа-2025” аяныг эхлүүллээ. 


Нээлтийн үйл ажиллагаанд Есөнбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн 1-12 ангийн 152 сурагч, 46 төрийн байгууллагын 116  төлөөлөл нийт 268 хүн оролцлоо. 


Нээлтийн үйл ажиллагаанд оролцогчдод ЭМГ-ын НЭМХ-ийн дарга Д.Сугар “24/3 шүдээ зөв угаа” аяны мэдээлэл, шүд амны хөндийн эрүүл ахуй”, ЭМГ-ын мэргэжилтэн Н.Гантуяа “Зөв дадал хэвшүүлэх” сэдвээр мэдээлэл хийсэн юм. Түүнчлэн нээлтийн үеэр нэгдүгээр ангийн хүүхдийн эрт илрүүлгийн шүдний үзлэг зохион байгуулах гурвалсан гэрээг “Анар-дент ХХК” эмнэлгийн захирал Я.Цэцэгдэлгэр, “Воко-дент ХХК” шүдний эмнэлгийн захирал Б.Туул, “Төгөлдөршил ХХК” шүдний эмнэлгийн захирал Г.Батбаяр нартай хийв.


Ингэснээр шүдийг эмчлэн эрүүлжүүлэх, иргэдэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлын талаар боловсрол олгоход төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллах боломж бүрдэж байгааг ЭМГ-ын дарга О.Баатарчулуун онцлон хэлж байлаа. 



相关新闻