СҮХБААТАР: Зээ бадтай толгойн мөнгөн гоёл
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Аймгийн Угсаатны зүйн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй эхнэр хүний зээ бадтай толгойн мөнгөн гоёлыг танилцуулж байна.
Дээрээ болон доороо зоос хэлбэрийн мөнгөн бэлээр холбогдсон, хатан суудлыг бэлгэдсэн энх жаргалын өлзий утсан хээ бүхий мөнгөн чимэг, гэрийн хэлбэр маягийн сууриндаа гурван гогцоотой, өрх гэрийн тулгуур багана, сүр хүчийг бэлгэдсэн зээ бад хээ бүхий суурь ширээтэй. Суурь ширээний гогцоо бүрээс дороо лавай мэт хээгээр чимэглэсэн гогцоотой мөнгөн чимэг бүхий гурван салаа хацартай. Хацар бүрийн дороос том улаан шүр, урт мөнгөн чимэг, дундаа мөнгөн хамхаас бүхий том улаан шүрэн чимгээс мөнгөн утсыг тав давхарлан ороосон гогцоотой. Суурь ширээний дотоод булангаас үзүүртээ эрвээхэй хэлбэрийн гоёлтой, гогцоог зоосон мөнгөн бэлд холбосон мөнгөн сагалдарга тогтоожээ. Мөн голын хадлагын хоёр захаас санчиг дагуулан мөнгөн гинж унжуулсан байна.
Зээ бад нь бат бэх, хүчирхэг байдлыг илэрхийлнэ. Монголын эртний уран барилгын чимэглэлд өргөнөөр ашиглаж ирсэн бөгөөд Чингис хааны зүүдэнд орсон гадаад их далайн лусын хааны толгойн дүрс хэмээн домоглодог. Чингис хааныг Умард Хятадад дайтаж яваад нэгэн шар далайн эрэг дээр түр саатан амарч байх зуур лусын эзэн хаан уснаас цухуйн гарч ирээд “Чи хүний хорвоогийн олон улсыг эзэлж байна, харин ганцхан миний далайг л хэзээ ч эзэлж чадахгүй” гэж хэлээд далд орж гэнэ. Түүнээс хойш их далайн эзнийг “зээ бад” хэмээн нэрлэж, түүний толгойн дүрийг өвөг дээдэс маань шүтэж, тэр амьтнаар орд харш, сүм дуганыхаа үүдийг мануулдаг болсон хэмээх домогтой.