ӨВӨРХАНГАЙ: Долоон суманд “Эрүүл сүрэгтэн” хөтөлбөр хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Аймгийн мал эмнэлгийн салбарын
зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд 19 сумын Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн
үйлчилгээний нэгж, Монголын Үндэсний мал эмнэлгийн холбооны Өвөрхангай аймаг
дахь салбар зөвлөл, Эм ханган нийлүүлэгч байгууллагуудын төлөөллүүд оролцсон юм.
Энэ үеэр Бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөө, Мал эмнэлгийн салбарын 2025 оны хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулан тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар санал солилцлоо.
Энэ онд тус салбар мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг дэмжих, хүнсний аюулгүй байдлын баталгааг хангахад онцгойлон анхаарч ажиллах юм. Энэ хүрээнд Арвайхээр, Хужирт, Хархорин, Бүрд, Өлзийт, Нарийнтээл, Бат-Өлзий зэрэг долоон суманд “Эрүүл сүрэгтэн” хөтөлбөр хэрэгжүүлэх, Мал эмнэлгийн байр нэгдсэн байгуулж, анхан шатны лабораторийн үйл ажиллагааг бэхжүүлэх, эм урвалж, багаж тоног төхөөрөмжөөр хангаж, хүнсний аюулгүй байдлын баталгааг бий болгох, сумдын Мал эмнэлгийн тасгуудад хүйтэн хэлхээний хөргүүрийн өрөөг байгуулах зэрэг ажлыг төлөвлөөд байна.
Зөвлөгөөнөөр
19 сумын Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүдийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг
баталгаажуулж, 52 мал эмнэлгийн үйлчилгээний нэгжтэй гурвалсан гэрээ байгуулж,
Мал эмнэлгийн тасгийн дарга нарт зөөврийн компьютерийг гардууллаа.