Хүүхдээ “Цахим гадуурхал цаашаа” хөтөлбөрт оруулья
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБСШУСЯ-наас сургуулийн орчин дахь цахим гадуурхлыг зогсоох зорилгоор “ЦАХИМ ГАДУУРХАЛ ЦААШАА” уриан дор үндэсний хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэхээр болсон нь дэмжүүштэй ажил болжээ. Энэ хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийн нээлтээр сурагчдад хичээл зааж, сургал зохион байгуулахаар бэлтгэж байна.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Ерөнхий захирал Б.Цогтбаатар “Цахим ертөнц дээр хамгийн их хандалт аваад байгаа фэйсбүүкийн талаар аваад үзье. Янз бүрийн хаяг нээж, хүүхдүүдийг хууран мэхлэх асуудал их байна. Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хамт фэйсбүүкийн хаяг нээж, ийм зүйлийг анхаараарай гэдэг байдлаар зөвлөгөө өгч, сайн ярилцдаг. Гэтэл хүүхэд өөрөө санаатай болон санамсаргүйгээр найз нөхдөө гомдоох байдлаар хохирогч болдог. Энэ байдал нь нөгөө найзыгаа сэтгэл санааны хохиролд оруулчихдаг. Хүүхдэд бие биенээ гомдоох асуудал их байдаг. Тэгэхээр энэ хандлагыг өөрчилж, эцэг эхийг хүүхдэдээ бага ч болов анхаарал халамж тавиач ээ гэсэн эерэг хандлагыг өгөөрэй гэж зөвлөж байна" гэв. “Цахим гадуурхал цаашаа” уриан дор эхэлж буй хөтөлбөр нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй сошиал медиа орчинд өрнөж буй цахим амьдрал, интернетийн зөв хэрэглээ рүү чиглэхэд анхаарах ажээ. Кибер буюу цахим ертөнцөд дээрэлхэх гэдэг нь ухаалаг гар утас, компьютер зэрэг цахим хэрэгсэл ашиглан бусдын нэр хүндэд халдах болох дарамтлахыг хэлдэг байна. Гадуурхлын олон хэлбэр байдаг ч олон нийтэд хурдан хүрдэг, хүссэн үедээ үйлдэж болдог, өргөн цар хүрээг хамардаг зэргээрээ цахим гадуурхал нь илүү хор хөнөөлтэй аж. Цахим орчин дахь гадуурхал нь тухайн хүүхдийг өөртөө итгэлгүй болгохоос эхлээд амиа хорлоход хүргэх аюултай. Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2010, 2013 онд хийсэн “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийн судалгаа”-наас үзэхэд, дөрвөн сурагчийн нэг нь сүүлийн нэг жилд амиа хорлох талаар бодож, долоон сурагчийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж, 10 сурагчийн нэг нь нэгээс олон удаа амиа хорлох оролдлогыг хийсэн гэж хариулжээ. Мөн Цагдаагийн ерөнхий газраас улсын хэмжээнд өнгөрсөн дөрвөн жилийн дотор насанд хүрээгүй 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон гэсэн мэдээлэл өгч байгаа. Тиймээс БСШУСЯ анх удаагаа Гадуурхлын эсрэг үндэсний хэмжээний аяныг хэрэгжүүлнэ.
Энэхүү хөтөлбөрийг ЭМЯ, НЭМХ, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Биеийн тамир, спорт хөгжлийн газар, ЮНИСЕФ, “Дэлхийн зөн” ОУБ, Хүүхдийг ивээх сан, “Үндэсний өгөх өдөр хөдөлгөөн”, “Оюунлаг Монгол хүн” ТББ зэрэг байгууллагууд дэмжин ажиллах юм байна.
Ж.Батсайхан