Орон нутгийн нөхөн сонгуульд 4 нам оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам, Иргэний зориг ногоон нам оролцохоо илэрхийллээ.
Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэн, хүсэлтээ тухайн
шатны сонгуулийн хороонд энэ сарын 23-наас өмнө ирүүлэх, тухайн
шатны сонгуулийн хороо тав хоногт багтаан бүртгэх эсэх шийдвэр гаргахаар Аймаг,
нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуулийг зохион байгуулахаар цаг хугацааны хуваарьт заасан. Хоёр аймгийн ИТХ-ын тус бүр нэг
мандатын төлөөх нөхөн сонгуульд дээрх 4 нам оролцохоо илэрхийлснийг аймгийн
сонгуулийн хороо бүртгэх шийдвэр гаргажээ.
Сумын ИТХ-ын 61 мандатад нөхөн
сонгууль явуулах бөгөөд Монгол Ардын нам 50, Ардчилсан нам 43, ХҮН нам 6,
Иргэний зориг ногоон нам 1 мандатад бүртгүүлсэн байна. Нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, бие даан нэр
дэвшүүлэх ажиллагаа энэ оны тавдугаар сарын 8-14-нийг
дуустал үргэлжилнэ. Улмаар нэр дэвшигчдийн баримт бичгийг тавдугаар
сарын 17-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэх юм. Сонгуулийн хороо
баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг
шийдвэрлэж тогтоол гаргаж, зургаадугаар сарын 7-нд нэр дэвшигчийн
үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхэлнэ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын
2025 оны нөхөн сонгуулийн саналыг зургаадугаар сарын 22-нд Улаанбаатарын цагаар 07:00-20:00 цагт авна гэж СЕХ-ноос мэдээллээ.