Дулааны үнийг нэмэгдүүлэх зохицуулалтыг 2026 он хүртэл хойшлуулсан гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-11 08:56:41

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. УИХ дахь Эрчим хүчний реформыг дэмжих бүлгээс өчигдөр Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 

Нээлттэй хэлэлцүүлэг эрчим хүчний салбарын бодлого, тус салбар дахь хувийн хэвшлийн оролцоо-шийдэл, хууль, эрх зүйн шинэчлэл гэсэн гурван үндсэн сэдвийг хамрав. Бодлогын асуудлын хүрээнд Эрчим хүчний зохицуулах газрын дарга Э.Түвшинчулуун үнэ тарифын зохицуулалт, түүний үр дүнгийн талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр өнгөрсөн онд хийсэн 12 дахь удаагийн тарифын зохицуулалтаар өрхийн оргил ачааллын болон хэрэглээнээс хамаарсан шатлалт тарифыг 29.6 хувиар нэмэгдүүлсэн болон дулааны үнийг нэмэгдүүлэх зохицуулалтыг 2026 он хүртэл хойшлуулаад байгааг хэллээ. “Эрчист Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Амартүвшин эрчим хүчний компаниудын өнөөгийн нөхцөл байдал, санхүүгийн голлох үзүүлэлтүүдийг танилцуулав. Эрсдэлийн үнэлгээгээр эрчим хүчний компаниудын санхүүгийн байдал тогтворгүй, өгөөж тааруу, үйлдвэрлэлийн өртгийг бууруулах, өрийн удирдлагыг сайжруулах шаардлагатай, улирлын нөлөөлөл ихтэй нь тогтоогдож буйг тэрбээр хэлж, ийм нөхцөлд компаниудыг хувьчилж, нээлттэй хувьцаат компани болгох боломжгүй гэдгийг онцолсон юм. Компаниудын засаглалыг сайжруулж, бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлж, алдагдлыг бууруулж, зах зээлийн үнэ цэнийг өсгөсний үндсэн дээр хувьчлалыг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.


УИХ-ын гишүүн, эрчим хүчний хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг өнгөрөгч тавдугаар сард боловсруулсан Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг танилцууллаа. Хуулийн төсөл салбарын бодлого, төлөвлөлт ба хяналт-шинжилгээ, үнэлгээ, төр захиргааны болон дулаан хангамжийн байгууллага, хэрэглэгчдийн үүрэг оролцоо, эрх, гэрээ, тоолуурын болон мэдээллийн систем, салбарын техник, технологийн норм, стандарт, аюулгүй байдлын шаардлага, системийн зохион байгуулалт, сүлжээний холболт, хяналт, шалгалт, хариуцлага зэрэг 15 бүлэгтэй.

 

Төсөлд дулаан хангамжийн системийг төвлөрсөн, хэсэгчилсэн, бие даасан гэсэн ангилалтай байхаар зааж, хэсэгчилсэн болон бие даасан системүүд төрийн оролцоогүй, тусгай зөвшөөрөл авахгүй, үнэ тарифаа батлуулахгүй, мөн хувийн хөрөнгө оруулалтад тулгуурласан байхаар тусгасан байна. Харин Улаанбаатар хот, аймаг, сумын төвийн дулааны эх үүсгүүр, төвлөрсөн сүлжээг бүхэлд нь хамруулсан төвлөрсөн дулаан хангамжийн систем нь төрийн зохицуулалттай байх юм.

 

Дулааны эх үүсгүүрүүд дулаан, цахилгаан хосолсон, дулаан дангаар үйлдвэрлэх бие даасан, оргил ачааллын болон дулааны хуримтлуур гэсэн төрөлтэй байхаар хуулийн төсөлд тусгаж, дулаан дамжуулах сүлжээ төрийн өмчлөлд байх, мөн 30 МВт, түүнээс доош дулаан нийлүүлж буй түгээгч, хангагч нар тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй байхаар заажээ. Мөн дулаан түгээх хангах үйл ажиллагаа эрхлэгч нарт нэгдмэл нэг нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, түгээх сүлжээнд холбогдох тэгш боломжоор хангах, сүлжээний тасралтгүй, аюулгүй, найдвартай ажиллагааг хариуцах зэрэг шаардлага тавигдах аж.

 

Түүнчлэн хуулийн төсөлд сэргээгдэх эрчим хүч, дулааны үр ашгийн талаарх бүлгийг тусгаж, өрсөлдөөнт зах зээлийн харилцаанд шилжихэд чиглэсэн харилцааг зохицуулахаар төлөвлөсөн байна. Өрсөлдөөнт зах зээлд шилжихийн тулд эхний ээлжинд эрчим хүчний үйлдвэрлэгч, хангагч нарт горимын зөрчил тооцож хариуцлагыг нэмэгдүүлэх механизм нэвтрүүлэн, үйлдвэрлэгч болон хэрэглэгч хоорондоо шууд гэрээлэх боломж бүхий хоёр талт зах зээлийг үе шаттай нээж, өрсөлдөөнт зах зээлд оролцогчдыг сургах, чадавхжуулах үйл ажиллагааг салбарын 0.1-3.0 хувьд явуулсны үр дүнд хангагч нар хэрэглэгчдийнхээ хэрэглээний таамаглалыг боловсруулж, системийн төлөвлөгөөг үр ашигтай байлгахад чиглэж ажиллах боломж бүрдэнэ гэж ажлын хэсэг тооцоолсон байна.


Ингэснээр шилжилтийн үеийн зах зээл буюу нэг худалдан авагч давамгайлсан, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоо бүрдэж, төвлөрсөн хангамжийн системтэй зэрэгцээ шууд гэрээлэх болон биржийн арилжаагаар дамжуулах эрчим хүчний жижиглэн худалдааны зохицуулалтгүй зах зээл бий болох юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


相关新闻