Азийн наадмаас “Итгэл” кино Үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭАНУ-ын Лос-Анжелос хотноо 10 дугаар сарын 24-нөөс энэ сарын 1-нд болсон “Азийн дэлхийн шилдэг кино наадам”-аас “Итгэл” Монголын уран сайхны кино “Үзэгчдийн нэрэмжит” шагнал хүртлээ.
Хоёр дахь удаагаа болж буй тус наадамд Монгол Улсаас найруулагч Б.Гарамхандын “Итгэл”, Б.Эрдэнэцэцэгийн “Ээж” бүтээл өрсөлдсөн юм. Эл бүтээлд ирээд буцдаг хүний хорвоод үнэнээр аж төрж буй нэгнээ атаа жөтөө, хорсол, ар хударгаар доош нь хийж эд мөнгө, эрх ямба эдлэхийг хүсэх нэгэн байхад гудамжинд амьдардаг ч хүн чанараа гээгээгүй, сайхан сэтгэлт хүний ачаар амьдралд гундан яваа нэгэн эргэн амьдрах итгэл өвөрлөж байгаа тухай өгүүлнэ. Киноны гол дүрд жүжигчин Б.Амарсайхан тогложээ.
Кино бүтээгчдийг хооронд нь танилцуулах цаашдаа хамтран ажиллах боломж, Азийн кино уран бүтээлчийг Холливуудад танигдах боломжийг нээдэг уг наадамд өнгөрсөн жил “Бодлын хулгайч” кино “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл” шагналыг хүртсэн юм.
Энэ жил Армян, ОХУ, Казахстан, Бангладеш, Япон, Вьетнам зэрэг 24 улсын уран бүтээлч бүтээлээ сойжээ.
Ж.Болор