Польш улсад хадгалж буй Монгол Улсын хүн амын анхны түүхэн баримтыг хэвлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-09 20:13:29

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсад 1915-1916 онд явуулсан хүн ам, статистикийн холбоотой баримтуудыг нэгтгэн “Монгол улсын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн”  хэмээх 9 боть номыг хэвлүүлж өнөөдөр нээлтээ хийлээ. 


Дэлхийн олон орны архив, номын санд Монголын түүх,соёлын өвтэй холбоотой бичгийн болон эд өлгийн дурсгалууд байдаг. Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун Варшавын их сургуулийн профессор Агата-Бария Стажинск нар Польш улсын Ур чадварын академи болон ШУА-ийн архивтай хамтран нэрт монголч эрдэмтэн профессор Л.В.Котвичийн архивд хадгалагдаж буй баримтуудыг нэгтгэн хэвлүүлсэн байна.


Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун нээлтийн үеэр хэлэхдээ, Богд хаант Монгол Улсын санхүүжилтээр Монгол Улсад 1915-1916 онд явуулсан хүн ам, статистикийн холбоотой баримтуудыг 110 жилийн дараа хэвлэн нийтлүүллээ. Тус баримт нь монгол улсын хошуу нутгуудад хүн ам эдийн засгийн нарийвчилсан бүртгэл судалгааг хийхээр авч явсны ихээхэн хэсэг Краков хотын Ур чадварын болон Шинжлэх Ухааны Академийн Архивд хадгалагддаг, нөгөө үлдсэн хэсэг нь ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн архивд буй.

Уг хүн ам, статистикийн баримт цуглуулгууд нь  Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны дараа хийгдсэн XX зууны хамгийн томоохон хүн ам, эдийн засгийн бүртгэл, судалгааны болоод хэрэглээний чухал баримт гэдгийг онцоллоо.


Уг бүтээлийг эмхэтгэн хэвлүүлэхэд Варшавын Их сургуулийн Агата Барея-Стажиньск, Ежи Тулисов, Эва Дзиужиньска зэрэг залуу судлаачид оролцож хамтран ажиллажээ. Энэхүү хүн амын данс материал нь 1915-1916 онд Халхын Сайн ноён хан, Засагт хан, Түшээт хан, Сэцэн хан аймгийн 40 гаруй хошуудын нутагт ажиллаж тухайн хошууны хүн амыг түүвэрлэн бүртгэж, эдийн засгийн хэрэглээг нарийвчлан судалж, хошууны ноёдын тухай дэлгэрэнгүй орос, монгол хэлээр тайлан болгож бичсэн бөгөөд хошууны нүүдэл, сүм хийд, түүх соёлын дурсгалыг нарийвчлан судалсан үнэ цэнтэй баримт юм. Тус баримтыг өнөөг хүртэл судалгааны эргэлтэд оруулж ашигласан судлаач Монголд байхгүй аж.


Энэ жил Монгол, Польш Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн түүхэн цаг үед ном болон хэвлэгдэн гарч буйгаараа онцлогтой.

相关新闻