Ж.Паолини Италийн нээлттэй тэмцээний цомыг өргөлөө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
РОМ, 2025 оны тавдугаар сарын 18 /BBC/. Италийн теннисчин Жасмин Паолини Италийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалын шатанд Америкийн тамирчин Коко Гауффыг буулган авснаар эх орондоо 40 жилийн дараа аваргын цомыг авчирлаа.
Ромын “Форо Италико” цэнгэлдэх хүрээлэнд Ж.Паолиниг хөгжөөн дэмжихээр Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла тэргүүтэй нутаг нэгтнүүд нь хуран цугларчээ. Тэрбээр К.Гауффыг 6:4, 6:2 харьцаагаар илүүрхсэн байна. Өнгөрсөн жил Францын нээлттэй тэмцээн болон Уимблдоны тэмцээнд финалд шалгарч байсан Ж.Паолини өрсөлдөгчөө нэг цаг 29 минутад буулган авчээ.
Өдгөө 29 настай Ж.Паолини 1985 онд Рафаэлла Режи аваргын
цомыг өргөснөөс хойш Италийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн анхны итали эмэгтэй
болсноос гадна 1930 оноос зохион байгуулагдаж эхэлсэн тэмцээнд түрүүлсэн Италийн дөрөв
дэх тамирчин болсон байна.
“Энэ бүхэн жинхэнэ биш юм шиг санагдаж байна. Аваргын цом
гарт минь байгаа нь үнэхээр гайхалтай мэдрэмж төрүүлж байна. Сэтгэл маш их хөдөлж
байна. Би багаасаа энэ тэмцээнийг үзэхээр энд ирдэг байсан учраас аваргын цомыг өргөнө
гэдэг миний мөрөөдлөөс ч илүү зүйл билээ” гэж Ж.Паолини хэлжээ.
Ингэснээр Ж.Паолини даваа гарагт дэлхийн чансааны
дөрөвдүгээр байр луу ахихаар боллоо. Харин түүний нутаг нэгт тамирчин Янник Синнер
ням гарагт эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Испанийн теннисчин Карлос Алькарастай
финалд өрсөлдөнө.