Дэлхийн хэвлэлийн гэрэл зургийн “Хүн байгалийн хүйн холбоо” үзэсгэлэнг Монгол Улсад албан ёсоор нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2025-05-26 09:06:42

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Дэлхийн хэвлэлийн гэрэл зургийн сан Нидерландын Хаант Улсын Засгийн газартай хамтран, уур амьсгалын өөрчлөлт ба ирээдүйн талаарх үзэл бодлыг дүрсэлсэн анхны сэдэвчилсэн “Хүн байгалийн хүйн холбоо” үзэсгэлэнг толилуулж байна.


Энэхүү үзэсгэлэнг XXI зууны уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үйл явдлын түүхийг дэлхийн өнцөг булан бүрээс нэгтгэн хүргэгч Дэлхийн хэвлэлийн гэрэл зургийн уралдааны архивт тулгуурлан дэглэжээ.

Гэрэл зургийн шилдэг 20 цомгийг багтаасан эл үзэсгэлэнд Хямрал, Дасан зохицол ба эсэргүүцэл гэх өөр хоорондоо харилцан уялдаатай уур амьсгалын өөрчлөлтийн хоёр түүхийг өгүүлэх зургуудыг толилулж байна.

Үзэсгэлэнгийн эхний хэсэгт нүүрс ба газрын тос олборлолт, хог хаягдал, далайн түвшний нэмэгдэлт, ой хээрийн түймэр, ган гачиг зэрэг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгаль орчны сүйрлийн дүр төрхийг дэлгэсэн гэрэл зургуудыг дэлгэжээ. Эдгээр зураг аж үйлдвэрийн үйл ажиллагааны уршгаар экосистем, орон нутгийн иргэд хэрхэн хохирч буйг харуулж, дэлхий даяар тулгарч буй эдгээр хямралыг ухаарч, хариуцлага хүлээхийг уриалж буй юм.

Үзэсгэлэнгийн хоёрдугаар хэсэг итгэл найдвар ба үйлдэл рүү чиглэнэ. Энд сэргээгдэх эрчим хүчний хөгжил, шинжлэх ухаанд суурилсан хүнсний шийдэл, уугуул иргэдийн уламжлалт арга туршлага, газрын тос дамжуулах хоолойг эсэргүүцсэн тэмцэл зэрэг дэлхийн эмзэг тэнцвэрийг хадгалах үйлсийн төлөө тэмцэж буй хүмүүсийн дүр болон газруудыг харуулжээ. Эдгээр зураг хамтын хүчин чармайлт, шинийг санаачлах чадварын хүч, хүмүүс бид бүтээлч байдал, сэтгэл зүрхээ ашиган байгаль дэлхийтэй хэрхэн зохицон амьдарч болохыг харуулж байна.

Энэхүү үзэсгэлэн хүмүүсийг гүн уялдаа холбоо сүлжилдсэн дэлхий ертөнц дэх өөрсдийн байр сууриа эргэн тунгаахыг уриалж байна. Энэ нь зөвхөн байгалийн сүйрлийг эсэргүүцэх төдий биш, харин дэлхийн өнцөг булан бүрт өрнөж буй илүү тогтвортой ирээдүйг бүтээх гэсэн хүмүүсийн үйлсийг ойлгож, хүлээн зөвшөөрөхийг бидэнд сануулж буй юм.

Үзэсгэлэнд гэрэл зурагчин Абриансиа Либерто, Адриана Лоурейро Фернандез, Амбер Брэкэн, Ами Витале, Ануш Бабажанян, Карстен Петер, Цирил Язбец, Даниел Бельтра, Даниел Чатард, Эдди Жим, Яспер Доест, Жонас Како, Кадир ван Лохуйзен, Кэти Орлински, Лука Локателли, Мэтью Абботт, Микеле Палазци, Сандра Мель, Симоне Трамонте нар оролцож байна.

Тус үзэсгэлэн Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн хажууд Рио паркт энэ сарын 16-30-ныг хүртэл үнэ төлбөргүй олны хүртээл болно.

Дэлхийн хэвлэлийн гэрэл зургийн сангийн тухай

Дэлхийн хэвлэлийн гэрэл зураг нь баримтат гэрэл зураг, гэрэл зурагт сэтгүүл зүйгээр дамжуулан хүмүүс хоорондын ойлголцлыг гүнзгийрүүлэх, яриа өрнүүлэх, нийгмийн үйлдэл хийхэд уриалахад чиглэсэн хараат бус, ашгийн бус байгууллага юм. 1955 онд Нидерланд Улсад байгуулагдсан тус сан жил бүр дэлхийн 80 гаруй хотод үзэсгэлэн гаргаж, олон сая хүнд хүрдэг бөгөөд цахим орчинд ч мөн олон сая үзэгчдэд хүрч ажилладаг. Тулгамдсан асуудлуудын дунд эргэцүүлэл хийх орон зайг хүмүүст бүрдүүлж өгөхийн зэрэгцээ гэрэл зурагт тавигдах өөрсдийн стандарт болох үнэн зөв, бодитой, гоо зүйтэй, олон өнцгөөс хандсан байх шаардлагуудыг мөрдөж ажилладаг. Мөн гэрэл зурагчдыг энэхүү стандартад хүрэхэд нь туслах, олон нийтэд хүргэх боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг.



相关新闻