ТӨВ: "Хүүхэд-Хайр-Ирээдүй" уриан дор тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны зургаадугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Төв аймгийнхан "Хүүхэд-Хайр-Ирээдүй" уриан дор тэмдэглэлээ.
Энэ өдөр хүүхэд, өсвөр үеийнхэн урлагийн тоглолт сонирхуулсан бөгөөд хүүхдийн оролцоонд суурилсан танин мэдэхүйн боловсрол олгох, монгол ёс заншил, уламжлалт болон орчин үеийн тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгууллаа.
Мөн спортын тэмцээн уралдаан, бүжиг, дууны тэмцээн өрнөж, хүүхэд багачуудад чиглэсэн өртөөчилсөн үйл ажиллагааг зохион байгуулав.
Өртөөчилсөн үйлчилгээнээс нүүр будах, “Чихэртэй хүрд” асуулт хариулт, "Kids make up” нүүрэн дээр зураг зурах, зайрмаг, шаараар амьтан хийж тараах үйл ажиллагаанд хүүхдүүд идэвхтэй оролцов.
Түүнчлэн "Залуу зохион бүтээх төв"-өөс онгоц угсрах,
"Баримал будах", "Дүрд хувирч зураг даруулах булан", оюун
ухааны академийн бичил сургалт зэргийг зохион байгуулж буй нь хүүхдүүдийн
анхаарлыг ихэд татаж байв.
Энэ өдрийг дэлхийн олон оронд хүүхдийн эрх, хамгаалал, инээд баясал,
ирээдүйн төлөөх үнэт өдөр болгон тэмдэглэдэг. Монгол Улс энэхүү өдрийг 1952
оноос эхлэн тэмдэглэн иржээ.