“Улаанбаатар биенналь”-д 25 орны 130 гаруй уран бүтээлч оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл хамтран “Улаанбаатар биенналь”-ийг энэ сарын 6-20-нд зохион байгуулна.
Улаанбаатар хот ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээнд 2023 онд нэгдэж, дэлхийн 90 гаруй улсын 355 гаруй бүтээлч хотуудын эгнээнд багтсан нь Монгол Улсын соёл, урлагийг дэлхий дахинд сурталчлах, салбарын эзлэх байр суурийг дээшлүүлэхэд ихээхэн түлхэц болж байна. Тус сүлжээний үйл ажиллагааны долоон төрөлд гар урлал ба ардын урлаг, дизайн урлаг, кино урлаг, хоолны урлаг, уран зохиол, медиа урлаг, хөгжмийн урлаг багтдаг.
"Улаанбаатар биенналь” нь медиа, дүрслэх урлагийг түгээн дэлгэрүүлэх, түүх соёлыг олон улсад сурталчлан таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүтээлч хамтын ажиллагааг нэмэх зорилготой юм.
“Сарны дор, тэнгэрийн хаяанд” уриан дор болох энэхүү наадамд уран бүтээлчид эх орон, газар, нутгийн талаар эргэцүүлсэн бүтээлээ дэлгэнэ.
"Улаанбаатар биенналь" ерөнхий үзэсгэлэн, хамтрагч үзэсгэлэн, хамрах хүрээний үзэсгэлэн, хүүхдийн боловсролын гадаа талбайн хөтөлбөр зэрэг олон төрлийн үйл ажиллагааг багтааж байна. Тус наадамд 25 орны 130 гаруй уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд ерөнхий үзэсгэлэнд олон улсын 19, дотоодын 6 уран бүтээлчид бүтээлээ толилуулна.
Тухайлбал, уран бүтээлч А.Жавхлан цэвэр усны нөөцийн асуудалд анхаарал татах оролцох зорилгоор уламжлалт танка зургийг хананд зурна. Тайванийн уран бүтээлчид “Техносталжиа: Хоромхон зуурын ой санамж”, БНСУ-ын уран бүтээлч И Нам "Тал нутгийн гэрэл” бие даасан үзэсгэлэнгээ дэлгэх бол Баруун Сиднейн Сэрва Аттафуа түүх, домгоос сэдэвлэсэн афрофьютуристик дижитал инстоляц, Непалын бараар урлаач Субас Таманг хүмүүсийн тэсвэр тэвчээр, өвөг дээдсийн ухааныг харуулсан барласан зургаараа оролцоно. Филиппиний уран бүтээлч Лийрой Нью монгол гэрийг үйлдвэрийн илүүдэл, хаягдал материал ашиглан өөрийн хэв маягаар бүтээсэн бүтээлээ Ю.Цэдэнбалын талбайд толилуулах юм.
Тэрбээр ярихдаа, “Миний хувьд хаягдал, илүүдэл материал ашиглан уран бүтээлээ
хийдэг. Манай улсад айлууд үйлдвэрийн илүүдэл болон бусад хаягдлаар бүтээл
хийж, гэрээ чимэглэх нь түгээмэл. Филиппинд усан дотор байрладаг уламжлалт
байшин бий. Энэ нь монгол гэр шиг буулгаж болдоггүй ч хэдийн барьсан байшинг нүүхдээ нийтээрээ
хамт өргөж зөөдөг соёл байдаг. Монгол гэр энэ талаараа төстэй
санагдсан. Тиймээс ч үүнийг янз бүрийн үйлдвэрийн илүүдэл материалаар чимэглэж
нэгэн төрлийн баримал хийе гэж бодсон. Яг л бид хэрхэн гэрээ чимэглэж янзалдаг шиг монгол гэрийг өөрийнхөөрөө янзалж бүтээл болгон тавихыг хүсэж
байна. Энэ санаагаа хэрэгжүүлэхийн
тулд гэрийн талаар олон хүнээс асууж, гүнзгий судалсан. Энэ нь зөөхөд хялбар,
хөнгөхөн, хийц болгон нь учиртай юм билээ. Иймээс үүнийг хийхдээ их болгоомжтой
ажиллаж байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Түүнчлэн наадмын өдрүүдэд "Нээлттэй орон зай" уран бүтээлчдийн чуулган болох төдийгүй, Д.Сүхбаатарын талбайд "Гар урлалын хотхон" байгуулж, яруу найргийн үдэш, кино үзвэр, хөгжим, бүжгийн үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн хүүхдийн музейн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, тэднийг уран бүтээлчидтэй уулзуулж бүтээл туурвих сургалтад хамруулах аж.