Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн үзэсгэлэн шинэ сэтгэлгээний орон зайг нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-04 12:51:50

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНСУ харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулсан “Солонгон гүүр” хамтарсан үзэсгэлэнг Монгол арт галерейд энэ сарын 7-нд нээнэ.


Энэхүү үзэсгэлэнг “Улаанбаатар биенналь”-ийн хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлогтой. Монгол, Солонгосын 34 уран бүтээлчийн оролцоотой хоёр орны уран бүтээлчдийн үзэл санаа, дуу хоолой, арга барил, ур ухааныг нэг орон зайд харьцуулан, соёл урлагийн харилцааны шинэ гүүрийг бий болгож байна.


Үзэсгэлэнгийн бүтээлүүд эх нутаг, үндэс язгуур, түүхэн эргэцүүлэл, ахан дүүсийн холбоо, соёлын шилжилт, байгаль орчны өөрчлөлт, хувь хүний мэдрэмж зэрэг олон талт сэдвийг агуулжээ. Мөн Монгол зургийн болон Солонгосын уламжлалт нарийн дэг, арга барил бүхий суурьтай шинэлэг илэрхийлэл, бодит дүрслэл бүхий чадвар, орчин үеийн урлагийн олон талт хэлбэрээр өргөжсөн сэтгэлгээний ур, техник хосолсон холимог техник, өрөг урлаг, медиа бүтээл багтжээ.


Энэхүү хамтарсан үзэсгэлэн бодит ба төсөөллийн зааг дээр уран бүтээлчдийг уулзуулж, цаг хугацааг холбосон шинэ сэтгэлгээний орон зайг нээж буйгаараа онцлог гэдгийг зохион байгуулагчид тодотгож байна.


Уг үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл олон нийтийн хүртээл болно.

 

相关新闻