БНСУ-тай далайн салбарт хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-05 10:21:31

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Далайн захиргаа болон БНСУ-ын Хөлөг онгоц эзэмшигчдийн холбоо далайн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа.


Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын далайн салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх, хөлөг онгоцны бүртгэлийг чанаржуулах, далайн тээврийн бодлого, хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон талын мэдээлэл солилцох боломж бүрдэх аж.


БНСУ-ын Хөлөг онгоц эзэмшигчдийн холбоо нь “HMM”, “Чангым олон улсын ачаа тээвэр”, “Кореа шиппинг” зэрэг 155 гишүүн байгууллагыг нэгтгэсэн бөгөөд их далайд болон эрэг орчмын тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг томоохон байгууллага юм.


Ташрамд дурдахад, БНСУ дэлхийд далайн тээврээр дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг далайн тээврийн томоохон улс юм.

相关新闻