Дижитал шилжилтийн ололт, амжилтаа Ази, Номхон далайн орнуудын төлөөлөгчдөд танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-05 10:23:33

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улс дижитал шилжилтийн ололт, амжилтаа Японы Токио хотноо тавдугаар сарын 30-31-нд болсон Ази, Номхон Далайн орнуудын цахилгаан холбооны байгууллагын сайд нарын зөвлөлдөх уулзалтын үеэр танилцууллаа.


Зөвлөлдөх уулзалтад ЦХИХХ-ны сайдын зөвлөх М.Тулгат, Монгол Шуудан компанийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, Үндэсний дата төвийн Мэдээллийн технологийн газрын дарга Д.Цэнгүүнжав оролцож, улсынхаа харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нөхцөл байдал, ололт амжилт, Ази номхон далайн орнуудын цахилгаан холбооны байгууллагын дэвшүүлсэн стратегийн зорилтын хэрэгжилтэд Монгол Улсын оролцоог танилцуулсан юм. Мөн Япон улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны сайд Мүраками Сэйичиро, Ази, Номхон далайн орнуудын цахилгаан холбооны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Кондо Масанори нартай уулзаж, хоёр болон олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцов. 


Тодруулбал, Монгол Улсын төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-mongolia”-г Ази номхон далайн орнуудад экспортлох, амжилтыг нь хуваалцах, Монгол Улсад хиймэл оюунд суурилсан кибер аюулгүй байдлын болон олон улсын дата төв байгуулах, транзит шуудан илгээмжийн хамтын ажиллагааг өрнүүлэх, бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн механизмыг шинэчлэхэд хамтран ажиллах тухай санал солилцлоо.



Зөвлөлдөх уулзалтын үеэр хэлэлцэн баталсан “Токиогийн мэдэгдэл”-д Ази, Номхон далайн бүс нутгийг хөгжүүлэх, тэр дундаа хамгийн бага хөгжилтэй, далайд гарцгүй, жижиг арлын хөгжиж буй улсууд руу чиглэсэн бодлого, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилтыг тодорхойлсон байна. 

相关新闻