ДОРНОД: Тусгай хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлэхэд анхаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Дорнод аймаг цаашид орон нутгийн тусгай хэрэгцээт газар нутгийг нэмэгдүүлэхэд анхаарна. Учир нь орон нутгийн тусгай хэрэгцээт газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг дахь биологийн төрөл зүйлийн нүүдэл, шилжилт хөдөлгөөний гол коридор болдгоороо чухал ач холбогдолтой юм. Мөн тухайн газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээт газрын ангилалд багтааснаар ашигт малтмалын хайгуул, ашиглалт явуулах эрсдэлээс хамгаалдаг.
Дорнод аймаг нийт 123 мянган км.кв нутаг
дэвсгэртэй. Үүний 21 хувийг улсын тусгай хамгаалалттай газар нутаг эзэлдэг. Өнөөдрийн
байдлаар аймгийн Байгаль хамгаалалтын захиргаа Хөлөнбуйр, Матад, Баянтүмэн сумын нутаг дахь тусгай хэрэгцээт газар нутгуудыг
хамгаалж байна.