Ч.Дэлгэрцэцэг: Би хийлээрээ дуулдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
khandmaa@montsame.gov.mn
2025-09-23 10:25:30

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монголын орчин үеийн урлагийн нэгэн содон төрх, тод өнгө болсон хийлч Дэлгэрцэцэгийн үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Mongolia Today" сэтгүүлд өгсөн ярилцлагыг толилуулж байна.


-Өнөөдрийн бидний яриа хийл хөгжмийн ертөнцөөр хийх сонирхолтой аялал байх болов уу. Хийлийг уйлж ч чадна, дуулж ч чадна, бүр бархирч ч чадах тийм увьдаслаг хөгжим хэмээн дэлхийн хүн зон шүтэн биширдэг. Харин танд хийлээ барихаар юу бодогддог вэ? 

- Хийл гэхээр хүмүүст жоохон хол тусах тал бий. Тансаг ч юм шиг, нандин ч юм шиг, мэдэх ч юм шиг мэдэхгүй ч юм шиг ойлголт байдаг.  Монголд хийл тоглодог хүн байдаг юм уу, ер нь сонгодог урлаг хөгжсөн юм уу гэх ч ойлголт гадныханд байдаг. Тэгэхээр ухамсарт амьдралын минь хамгийн том зорилго бол энэ хөгжмийг ард түмэндээ ойртуулах, энэ хөгжмөөрөө дамжуулаад бүхий л сайхан мэдрэмжийг тэдэнд өгөх юм.

Монгол Улс гэдэг сонгодог хөгжмийн маш баялаг, олон жилийн сургалттай. Түүнд нь мэдээж “орос ах” нарын ач тус их гэж боддог. Тэгэхдээ хар нялхаасаа нухлуулж өссөн энэ мэргэжлийг өөрөө их айхтар хүсээд, өөрийн дураар сонгочихсон юм биш л дээ. Бидний үед тэгж сонгох боломж ч байсангүй. Яг үнэндээ хувь заяаны эрхээр тэр сургуульд ороод л, энэ хөгжмийг эзэмшихгүй л бол “будаа”, гадаа хог шүүрдэнэ гэдэг тийм л сонголт байлаа шүү дээ. Маш хатуу диктатур, маш хатуу орос, монгол багш нарын сургах арга зүй дээр нь сурч өдий хүрсэн.


Эргээд бодохоор, миний хувьд асар их нулимс харагддаг. Гаднаас харахад уян зөөлөн, яруу тансаг, нандин хөгжим шиг атлаа сайхан дуугаргаж сурахад ямар хэцүү байдаг гээч. Хяхарсан, харгисан, тэр хэцүү бэрхшээл бүхэн надад бүр өнөөдөр хүртэл мэдрэгддэг.


Хийлээ барихаар “Хөөх” гээд л нэг их сайхан оргидоггүй. Үнэнийг хэлэхэд, “Ээ базардарь бас л хэцүү” шүү дээ. Насаараа эмэгтэй хүнийг ойлгох гэж явж байна даа гэдэг шиг “Насаараа л энэ хийлийн эвийг олох гэж явж байна даа”. Их л аргадаж зөөлөн, сайхан дуугаргадаг юм шүү дээ.


АЯЛГУУНЫ АНГУУЧ

- Дэлхийн симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүний 60-70 хувь нь хийлчид байдаг. Үзэгчдийн халуун алга ташилтын дор удирдаач гоцлол хийлчид баяр хүргэж байдаг даа. Энэ бол хийлч хүний хувьд үнэхээр бахархал нь байх. Харин хийлч Дээгийгийн бахархал юу вэ? 

- Урьд хожид Дээгий шиг хувилбараар хэн ч, хэзээ ч тоглож байгаагүй. Урьд нь яг тэр найрал хөгжимд сууж байдаг шиг хэдэн 100 жил суугаад тоглодог тийм хэвшмэл ойлголттой байлаа шүү дээ. Бараг нэгээс 100 хүртэл оноогоор дүгнэж болохоор ч юм шиг, тэгтэл би хэн нэгэнд тэгж дүгнэгдэхийг хүсээгүй. В.А.Моцарт, А.Вивальдийн хийлийн концертыг тэр тэр ингэж тоглосон, одоо иргэн Дэлгэрцэцэгийнхээр тоглож үзүүлж байна.

Сонгодог урлаг гэдэг надад нэг тийм айдас хүйдэс, стресс санагдуулаад байдаг.


Цагаан цамцтай, хар юбкатай, нот дээр юу бичсэнийг л “а, б-гүй” тоглох ёстой гэж сургасан тэр хэвшмэл ойлголтыг би 20 настайдаа сургуулиа төгсөөд эвдэж, “Үгүй” энэ бол миний арга барил гэж гарч ирсэн.


Хийл хөгжим гэдгийг тоглож байгаа нь үнэн, гэхдээ яг сонгодог хийл биш цахилгаан хийлээр, тэгэхдээ өөрийнхөө хэлбэр, хэв маяг, хувилбараар тоглохоор хэн намайг шүүх юм бэ. Яг үнэндээ би хэнд ч харьцуулагдмааргүй байсан байхгүй юу. Тэр бол миний уран бүтээлийн яг эхлэлийн цэг байсан.

Олон том том сонгодог бүтээлийг тоглосон өнөөдрийн хийлч Дээгий гэдэг нэрийг авч яваа зүйл бол би хэн нэгэнтэй адилхан байхыг хүсээгүй. “Хэнтийн өндөр ууланд”, “Хоёр сэтгэл” гэдэг 2 зохиолыг нийлүүлэн найруулж өөрийнхөө хэв маягаар тоглоход хүмүүс алга ташин хүлээж авсан  шүү дээ. Тэр л надад хамгийн сайхан, эрх чөлөө байсан. Одоо ч тэр эрх чөлөө, эрч хүчээрээ явж байна.


- Үнэхээр хийл тоглож байгаа тань өвөрмөц. Ялдам зөөлөн, заримдаа цогтой сэргэлэн, зарим үед бүр хөгжимтэйгөө тэмцэлдэж байгаа мэт байдаг. Тэгэхээр Дээгийгийн шинэчлэл юундаа байсан бэ? 

- Яалт ч үгүй шинэ хэв маяг, хувилбарыг оруулж ирсэн. Тэр нь сонгодог хөгжим дээр сонгодог зохиолуудыг ч орчин үеийн хэв маягтай хослуулан, одоо цагийн хүмүүсийн чихэнд тохирохоор, таарахаар тоглож байна. Би үе үеийн сонгодог зохиолуудаас 40, 50, 60 зохиол тоглосон байна. Тэдгээр нь тухайн цаг үедээ тоглогдчихсон. Гэтэл одоо 24 настай хүүхэд тэр хуучны зохиолуудыг мэддэггүй юм билээ. Тэр сонгодог зохиолууд мартагдах ёсгүй.

Аялгууны ангууч гэж намайг хэлж болно. Аялгуу хөөгөөд явахаар тэр асар олон зохиолын зарим нь надад зохидог, зарим нь зохидоггүй. Таны хэлсэнчлэн заримдаа хийлтэйгээ тулалдаад байгаа юм шиг, заримдаа хийлдээ уяраад байгаа юм шиг,  заримдаа бүүр гижигдээд байгаа юм шиг тоглож байгаа минь зохиол зохиолынх нь онцлогоос тэр л дээ. Би тэр зохиолыг тэгж л өөрөөрөө мэдэрсэн гэсэн үг.

Тэгэхээр өөр өөр үед зохиогдсон тэр олон бүтээлийг аваад л тоглоод байх нь чухал юм билээ. Харин бүтээлүүдийг дахин боловсруулах гэдэг шиг үйл ажиллагаа тэнд явагддаг.

Бид чинь Монголдоо байхдаа монгол дуундаа дуртай, Монголоосоо гараад явахаар бүр дуртай болдог биз дээ. Нутгийг дуу хуур, дуу хөгжим л санагдуулдаг болохоор тэр л дээ.  


Хорин настай байхад өөрийнхөө төлөө, карьер хийх гээд л тоглоод байгаа юм шиг санагддаг байжээ. Гэтэл одоо монгол өв соёлоо тээх гэдэг маш чухал болохыг боддог болсон. Энэ олон гайхамшигтай зохиол бүтээлийг ингэж өөрийн биеэр дахин боловсруулж тоглож үлдээх нь ухамсарт амьдралын минь зорилго болоод байгаа.


- Хийл тоглох монгол школ гэж бий биз дээ, хэзээнээс бүрдсэн гэж үзэж болох вэ? 

-Байлгүй яах вэ, мэдээж орос школоор бидний суурь тавигдсан. Миний хийлийн багш Алтаа орос багш дээр сураад, Орост 

очиж мэргэжил эзэмшсэн. Гэхдээ миний багш өөрийнхөө мэдлэг туршлага, монгол хүнтэй ажиллах ур чадвараараа намайг сургасан байж таарна. Тэр нь монгол школ болж таарна. Дэлхийд уулаасаа гайхагдах топ, үеийн үед ерөөсөө сонгодог урлагт хэзээ ч бууж өгөөгүй том школ бол Оросын школ байдаг л даа. Түүгээрээ бид бахархах ёстой гэж би боддог.


-Төгөлдөр хуурын биш хийлийн ангид орох нь таны сонголт биш байсныг та дээр хэлсэн. Дээгий тэр үед ямар мөрөөдөлтэй байсан бэ. Нэгдүгээр ангийн хүүхэд ер нь мөрөөдөж байв уу?

-Тухайн үед 7 настай сургуульд ордог байв. Төгөлдөр хуур, хийл хоёрт шалгуулаад би хоёуланд нь тэнцсэн. Өнөөдрийн Ром нэг өдөр  бүтээгдээгүй гэдэг үг байдаг даа. Түүн шиг өнөөдрийн Дээгий нэг өдөр бий болоогүй. Манайх тэгэхэд монгол гэрт амьдарч байв. Төгөлдөр хуурын ангид орвол гэртээ төгөлдөр хууртай байх хэрэгтэй. Тэгж байж гэртээ давтана.

Манай ээж өрх толгойлсон эх, дөрвөн хүүхдээ ганцаараа өсгөсөн. Үйлдвэрт ажилладаг ээж маань, “Миний охин төгөлдөр хуурын ангид орох уу, хийлийн ангид орох уу” гэж надаас асуух уу? Юуных нь тийм асуулт байх вэ, байхгүй шүү дээ. Төгөлдөр хуур ээжийн маань хэдэн сарын цалингийн үнэтэй, хийлийн ангид орох юм бол нам засгаас хийлийг нь өгнө гэхээр ээж маань хийлийн ангид л ор гэнэ биз дээ. Тэнд 7 настай Дэлгэрцэцэгийн хүсэл мөрөөдөл хамаагүй байсан /инээв/. Тэгээд төгсөхөөрөө миний охин цэцэрлэгийн багш болно, ядаж хоолтой гэж байгаа шүү. Тийм л нийгэм байсан, нуух юу байх вэ.

Одоо ингээд бодохоор талархаад талархаад баршгүй зүйл нь ямар сайхан нийгэмд өсөж хөгжөөд өдийг хүрсэн юм. Аливаа хүний хувь зохиол гэж гайхамшигтай зураг байдаг юм шиг ээ. Тэр зураг зохиол нь сайхан байж дээ, өнөөдөр энэ сайхан ярилцлагыг хүртэл хийгээд сууж байна шүү дээ.


Тэгэхээр тэр үед “Мөрөөдөл” гэж юм байсан уу гэвэл үнэхээр мэдэхгүй, мэдэх ч боломжгүй гэх юм уу, бүү мэд. Харин өнөөдрийн мөрөөдөл тань юу вэ гэж асуух юм бол, магадгүй би яг өнөөдөр мөрөөдлийнхөө амьдралаар амьдарч байгаа гэж хариулах байх.


-Сайхан, бас бахархалтай хариулт байна. Мөрөөдлөө ч мэдэхгүй байхдаа хийл барьж эхэлсэн цагаас өнөөг хүрэхдээ аль хэр олон хийл барьсан бэ?

- Хүүхдийн хийл чинь 8-таас эхэлдэг. Миний хувьд, үнэхээр олон хийлийн ард гарсан. Олон ч хийлийг автобус унаанд явж байгаад хэмхэлж байсан, бас хэмхлүүлж байсан. Манайх намайг 10 нас хүртэл гэрт байсан. Амьдрал маань Хөгжим бүжгийн коллеж, гэр 2-ын хооронд л байлаа шүү дээ. Хөгжмөө давтахад гайхамшигтай их цагийг зарцуулдаг байв. Тэгээд бодохоор хөгжимдөө дуртай л байж дээ, эс үгүй бол их сайн хүүхэд байсан юм уу, бүү мэд. Өвөл хийлээ барьж явсаар гэртээ орж ирэхэд тас хөлдчихсөн байдаг сан. Ядаж байхад сургуулиас надад шинэ хийл өглөө. Жигтэйхэн их баярлаад л, гэртээ хариад тоглож үзүүлэхийн түүс байв.

Нэг, хоёрдугаар ангид нэг хийл бариад, 3 дугаар ангид орж, хүүхдийн гар томрохоор 4-ний 1 гэх мэтээр хийлийнх нь хэмжээ арай томроод явдаг юм л даа. Тэгээд гэртээ оруут нөгөө шинэ хийлээ гэсгээх гээд шууд л халуун пийшин дээр доош нь харуулж бариад зогслоо. Нэг их хачин үнэртээд явчихав. Сандраад л эргүүлэн хартал нөгөө цоо шинэ хийлээ түлээд хаячихсан байлаа. Дулаацуулаад ээждээ шууд тоглож үзүүлэх гэж яарсан байхгүй юу.

Бөөн айдас, маргааш нь багшдаа хэлэв. Цоо шинэ хийл өгч байхад чинь яаж ингээд түлчихдэг байна аа гээд л багш маань загнаж ч чадахгүй, яаж ч чадахгүй, өрөнд орж байгаа байхгүй юу. Тэгээд нэг юм актлаад, өөр хийлтэй болж билээ. Монголын маань өвөл 35 -40 градус хүрч хүйтэрнэ. Тэр хүйтэнд хоёр гурван цаг автобус унаа дамжсаар гэртээ ирж байгаа шүү дээ. Тэр дурсамж надад ерөөсөө мартагддаггүй. Нээрэн надад хийлтэй холбоотой сонин сонин дурсамж их бий шүү.


-Одоо ямар хийлээр тоглодог вэ?

-Цахилгаан хийл, сонгодог хийл маань байгаа.


-16-р зуунаас хойших бүх цаг үед олон алдартай хийлч төрсөн байдаг. Орчин үеийн ч мундаг хийлчид байна. Дээгий хэнийг шүтэн биширдэг вэ?

-За, их байхгүй дээ. Уран бүтээлч хүний хариулт гэдэг шиг хариулахад, мундаг хийлч нар ч юм уу, гадагшаа гараад Бродвэй шоу моу үзэхээр жирийн үзэгч нар бол таашаал авч “Ямар гоё юм” гэдэг дээ.

Ер нь би энэ хариултыг олон уран бүтээлч анд нөхдөөсөө сонсож байсан болохоор хэлж байгаа юм шүү. Гарах үр дагавар нь “Өө, ямар гоё юм” биш, “Ёо би ер нь юугаа хийж хийлч болсон юм, манай шоу урлаг хаана яваад байгаа юм” гэж сэтгэлээр унах байдалтай болчихдог. Одоо тэр Моулин Роүж /Moulin Rouge/ гээд Францын тэр гоё шоуг үзээд манай шоу ертөнц хаана яваад байгаа юм гэх харьцуулалт үүсээд, сэтгэлээр уначих гээд байдаг тал бий.

Дэвид Гаррет гэх зэрэг мундаг хийлч нар байна л даа. Өөртэйгөө хэтэрхий харьцуулаад байдаг юм болов уу, гутрах гээд байдаг.


- Монгол хүний даруухан зантай холбоотой юу?

-Биш ээ, даруухан энэ тэр, монгол хүнтэй огт хамаагүй. Өөрийгөө бас мундаг гээд бодчихсон явж баймаар л байна шүү дээ. Хүн чинь уг нь цор ганц бүтээл гээд байдаг, өөрийгөө гайгүй гээд бодчихсон явж байхад хажууд нь дахиад нэг лаг хүн гарч ирээд “миний дүү” гэхээр гэнэт жижгэрч мижгэрээд хачин болдог шүү дээ. Тэр үзэгдэл байхгүй юу.

Үүнийг бас миний авсан орос школтой холбож ч үзэж болох юм. Орос школ бол хүнийг асар их даруулгатай өсгөдөг. Тайзан дээр гараад мянган ноот тоглоход 2 ноот алдаж болно оо доо.


Тэгэхэд би 2 ноот алдсан шүү дээ гэж гэмшдэг, өөрийгөө зэмлэдэг школ бол орос школ юм. Багш нь ч гэсэн тэр алдсан 2 ноот дээр фокусладаг. Гэтэл би дараа нь Америкт сургууль төгсөхөд тэнгэр газар шиг өөр нийгэм санагдаж байсан шүү.


Америкт бол тэр хөгжмийг тоглосондоо эхлээд бардамнаж чаддаг, багш нь ч гэсэн “Чи өнөөдөр энэ бүтээлийг эхнээс нь дуустал нь тоглож чадсанд баяр хүргэе” гэж хэлдэг. Хэдэн ноот алдсанд нь бус оносонд нь ач холбогдол өгдөг тийм школ.

Америкчууд хүнд коммент хэлэхдээ ч эергийг нь түрүүлж, сөргийг нь дараа нь хэлдэг. Тэгээд монгол хүний хувьд, сайн чанартай байх ёстой, тэгээд аль алинаас нь сайн талыг нь авах юм байна гэж бодсон. Тэртээ тэргүй хүн болгон л дарж байхад би 2 ноот алдсан гээд доош хараад байж болохгүй юм билээ.

Тэгэхээр америкчууд шиг цээжээ дөвийлгөөд байхгүй ч зоригтой, өөрөөрөө бахархаж чаддаг, өөрийгөө бусадтай харьцуулахгүй байх хэмжээний Дээгий гэдэг өөрийнхөө ертөнцийг бүтээгээд явах юм бол өвдөлт багатай байх юм уу гэж би бодсон.

Би харин хийлийнхээ 2 багшийг шүтдэг. Надад зааж сургасан Алтаа багшийгаа шүтдэг. Ямар гоё вибрацтай, ямар гоё өнгөтэй тоглодог багш гээч. Хоёр дахь нь Америкт сургасан Делана Женсон багш маань юм. Багш маань Америкийн иргэдээс анх П.И.Чайковскийн медалийг авсан мундаг хийлч л дээ.

Дэлхийн одуудыг харахаар тэдэн шиг байж чадаагүйдээ уур хүрээд байдаг юм. Тэгэхээр харьцуулалт үүсээд шар малтаад өвдөлт үүсгээд байдаг байхгүй юу. Хүн чинь бас шатна, бас үнэнээсээ лаг баймаар л байна шүү дээ.



-Тэгвэл Америкаас олсон хамгийн том олз тань юу вэ?

-Өөрөө өөрөөрөө бахархаж сурах, өөртөө итгэлтэй байх, нөгөө зориг мориг ч юм уу даа. Би урьд нь хийлээ бариад сонгодгийн тайзан дээр гарахаар дандаа айдас, стресс-тэй байдаг байсан. Нөгөө мянган ноот тоглох гэж байгаа, нөгөө хоёрыгоо алдчих вэ гэдэг нэг тийм хогийн ч гэх юм уу айдас хүйдэстэй байдаг байсан.

Тэгтэл, за нөгөө Дэлгэрцэцэг чинь нөгөө 2 ноот дээр алдах нь уу, яах нь вэ гэж айдаг тийм зритель байдаг. Тэр 2 ноот бол хүн болгоны мэддэг зэвүүн ноот байхгүй юу. Би энэ ярилцлагыг бүх хүн үзээсэй гэж бодож байгаа учраас илүү зоригтой хэлж байна л даа. Америкийн нийгэм гэдэг чинь лаг гээд хүний сэтгэхүйд нөлөөлчихсөн юмс байдаг шүү дээ.


Сургуулиа төгсөөд Америкт очиход жоохон жижгэрч байсан л даа. Гэтэл үнэхээр мэргэжлээрээ, ялангуяа сонгодгийн суурьтай мэргэжлээрээ толгой цохиж байсан шүү. Яагаад гэвэл, бид багаасаа эхэлж сурсан байсан. Эрт эхлэх тусмаа аливаа мэдлэг чадвар унаган байдаг даа.


- Тэгэхээр та зоригтой,  шийдэмгий хүн мөн үү? 

-Нээрэн шийдэмгий. Дотроос тас гээд л нэг шийдвэр гарч ирдэг. Ер нь би, зоригтой байхдаа үргэлж азтай байсан. Аливаа шийдвэрийг маш зоригтой гаргаж байсан. Тэр нь буруу байсан гэсэн мэдрэмж төрж байгаагүй. Ер нь, залуу насыг зориг чимдэг шүү дээ. 

Нөгөө 7 настай, гэрт өссөн Дээгий чинь тэнд очоод сурсан чинь 12-17-тойдоо эхэлж сурсан хүүхдүүдтэй сурахаар дунд нь сэлж байдаг юм байгаа биз дээ.

Гэхдээ тэр хүүхдүүд надаас илүү итгэлтэй, надаас илүү энтертайн, өөрийгөө үзүүлэх тал дээрээ мундаг байсан. Чаддаг юмандаа итгэлтэй байх ёстой юм байна гэдэг зоригийг авч ирсэн маань Америкийн сургуульд сурсан хамгийн том олз.

Миний Америкт сурсан дипломыг хэн ч үзээгүй, хэн ч үзье гээгүй /инээв/. Тэгэхдээ их л зовсон санагдаад байдаг юм. Өөрийгөө ямар царай зүстэйгээ, Ази гэдгээ ч мартчихсан явдаг байсан. Мичиганд сурсан л даа. Маш их өөртөө итгэлтэй хүмүүс байдаг байхгүй юу. Ер нь юм үзэж нүд тайл гэдэг чинь учиртай үг юм билээ. Нүд тайлсан хүн чинь хаана жаалхаа мэддэг болдог.


- Дээгийгийн хувьд хамгийн гоё тайз, хамгийн гоё тоглолт хэзээ байсан бэ? 

- Би анхны тоглолтоо 2006 онд “Дээгий концерт” гээд СТӨ-нд хийж байсан. СТӨ-ний тайз надад үргэлж л их гоё, ээлтэй сайхан санагддаг. Тэгээд 2006-2010 гэж хийчхээд, завсарлаж байгаад 2022 онд тоглолтоо хийсэн. СТӨ-нийхөө тайзад их дуртай, зритель миний алган дээр харагдахуйц гоё дэлгэмэл, дээрээс нь тийм ойрхон ч биш, хол ч биш байдаг.

Ер нь бол олон тайз байна даа. Тэгэхдээ хүн болоогүй байхад зрителиэс айдаг үе байдаг юм билээ. Тэгтэл дотор хүн ч юм уу, хүний ир нь гоё боловсроод ирэхээр, зритель нь яг миний хайртай 2, 3 хүн сууж байгаа юм шиг мэдрэмж авдаг болдог юм билээ.

Тантай одоо ингээд яриад сууж байхад нэг их гоё байна аа даа. Дахиад 2-3 мянган хүн сууж байсан ч яг ийм өөрөөрөө байх, тэдэнтэйгээ жөүк хийж, зовлонгоо ярьж ч болохоор юм шиг, тийм гоё дотно сэтгэгдэл төрөх болдог. Зрител нь томдох биш, зрителтэйгээ хэвтээ тэнхлэгээр харьцаж эхлэх нь уран бүтээлч хүний үнэхээр гоё, кайфтай мэдрэмж байдаг л даа.

Аливаа харилцаанд хэвтээ, босоо тэнхлэг гэж бий. Аливаа харилцаанд босоо тэнхлэг оршиж байгаа цагт ерөөсөө аятайхан мэдрэмж төрдөггүй. Ер нь бол хэвтээ тэнхлэгээр харьцах тэр бодлогыг би зрительдээ гаргадаг байхгүй юу. Нууцаа ярьчихлаа л даа /инээв/.


- “Тэгэх үү, ингэх үү” гэж удирдаад л үнэхээр үзэгчидтэйгээ дотно байгаа тань олон тоглолтоос харагддаг л даа...?

-Миний хувь хүний зорилго ч гэдэг юм уу, хувь хүний гаргаж чадах өгүүлэмж ч гэдэг юм уу, би оркестрыг орлоно гэж боддог байхгүй юу.

Бүтэн 60 хүнтэй оркестр байна шүү дээ,  тэр тайз дүүрэн хүмүүсийн өгөх энергиэс ч илүү энергийг өгч чадна гэдэг тийм амбиц байдаг. Яагаад болохгүй гэж тийм биз дээ. Энерги гэдэг асар том тэсрэлт хаанаас ч гарч болно шүү дээ. Заавал ч үгүй 60 хүнээс гарснаараа лаг байна гэж байхгүй.


 -Энэ бол Дээгийгийн л өгөх хариулт байх. Гадаадад хийсэн тоглолтуудаасаа сонирхуулна уу? 


- Ярьдаг хэл нь л өөр болохоос биш хүн л бол хүн л байдаг. Адилхан л баясдаг, адилхан л уярдаг. Дээрээс нь хийл хөгжим ямар ч хэлний барьергүй хүнд хүрдэг. Тэгэхээр ямар ч орны хүмүүст “Энэ чинь монгол хөгжим байхгүй юу” гээд нүдэнд нь харагдтал тоглох юм сан гэсэн эр бяр амтагддаг үе байна л даа, үнэнээсээ шүү, хаана ч очоод тоглосон.

Би Америкт Накитайгаа 6 хотоор тоглоод ирсэн. Харамсалтай нь, монголчууддаа тоглож явсан л даа. Монголчууд цөөхөн амьдардаг Лос-Анжелес, Сан Франциско хотуудад хийсэн тоглолтод юу мэдрэгдсэн гэхээр, тоглолтуудад 100-150 хүнтэй байсан л даа. Ирж чадаж байгаа нь шүү дээ, хөөрхий. Тэгтэл хоол идэх гээд энд тэнд ороход аймаар их хүн байнгуут энэ хүмүүст бас тоглох юм сан, хэн гэдгээ мэдрүүлэх юм сан гэдэг кайф надад бол байсан.


Тоглолтын зохион байгуулагч, бие хамгаалагч, бартендерүүд тоглолтоо хийчихээд хувцсаа солих гээд орж ирэхэд “Би сая зөндөө уйллаа” гээд сэтгэгдлээ илэрхийлж байсан. Хөгжим тийм хүчтэй.

 

АНХНЫ ТОГЛОЛТЫН ПАЯН

-Хөгжим тоглоход гайхалтай олон цагийг зарцуулдаг байснаа түрүүнд та дурссан.  Хамгийн олондоо хэдэн цаг хийл тоглож байв? 


-Өө, энэ эрүү хөөрхий бамбайчих үе байна аа. Сая ковидоор бүх юм хаалттай, гадуур тоглолт байхгүй болсон шүү дээ. Зүв зүгээр байхгүй гээд төгөлдөр хуурч Уртаа багштайгаа гэртээ 17-18 бүтээлийг тоглож бичүүлээд ютүбт байршуулсан. Тэгээд дүрсээ бичүүлэх гээд 10 хэдэн цаг тоглосон байх аа. Сүүлдээ эрүү хавдчихсан байсан. Тэр бол бас л их олон цагийн рекордыг эвдэнэ ээ.

Тэр бол, хийл, төгөлдөр хуураар “Хэнтийн өндөр ууланд” зэрэг алдартай зохиолуудыг олон хувилбараар тоглоод үлдээе гэсэн төсөл маань байсан юм.


-Тэгвэл ямар ая аялгууг хамгийн олон удаа тоглосон байдаг вэ? 

-Өө, гоё асуулт байна. “Хэнтийн өндөр ууланд” маань л байх. “Хэнтийн өндөр”-ийг 2000 онд анх тоглож байлаа. Тэр үед нэг л бүтээлтэй байсан байхгүй юу. Тэгээд тоглоод дуусахаар, “хүв хүв хүв хүв” гээд л хүмүүс алга ташаад л. Монголын ард түмэн тийм л дулаахан сэтгэлтэй сайхан ард түмэн шүү, тийм ээ. Ямар гоё намайг хүлээж авч байсан гээч. Үнэхээр дахиад тоглох юм байхгүй болохоор ёслоод л орчихоор “өө” гээд л.

Энэ жил онцгой олон төрийн айлчлал боллоо доо. Олон орны Төрийн тэргүүн Монголд ирлээ. Маш олон том эвент эх оронд маань зохион байгуулагдлаа. Ташрамд хэлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч монгол улсаа сурталчлах Монгол Улсын гадаад, дотоод бодлогыг дэлхий нийтэд маш сайхан байлгах ажлыг сайн хийж байна. Би жинхэнэ фронтод нь явдаг хүний хувьд үүнийг дурдмаар байна.


Тэр том том конференс, уулзалтууд дээр би “Хэнтийн өндөр ууланд”-ыгаа тоглолоо. Тоглох болгондоо би ч жаргаж байдаг, Ерөнхийлөгч маань ч жаргаж байдаг, Ерөнхийлөгчийн маань урилгаар ирсэн, гадна дотнын төлөөлөгчид ч жаргаж байдаг, тийм гайхамшигтай сайхан бүтээл юм даа.


Үнэхээр л ёстой ханцуй дотроо би залбирч явдаг. Хийж чадах үедээ аливаа юмыг чин зүрх сэтгэлээсээ зориод хийвэл үр ашиг нь хэдэн 10 жилийн дараа ч ирдэг юм байна гэдгийг л жинхэнэ биеэрээ туулаад явж байна.

Ээж маань анх “Хэнтийн өндөр ууланд”-ыг тоглодог болоодох гэж хийлийн ангид оруулж байсан нь үнэхээр үнэн л дээ. Тэгсэн чинь 2006 онд анхны тоглолт дээр минь оройтож ирээд суудалдаа сууж чадалгүй, СТӨ-ний хажуу талын шатан дээр ээж маань суучихаж л дээ.  Би “Хэнтийн өндөр ууланд”-ыг тоглохдоо “Ээж маань үүнийг л тоглодог хүн болоодхоорой гэсэн юм. Ээждээ зориулж байна” гэсэн чинь манай ээж хүний л эх болсон хойно яаж дуугүй байх вэ, “Эвий дээ, эвий” гэсэн юм гэнэ л дээ. Тэгсэн чинь “Хүүе ээ, ээжийгээ яагаад шатан дээр суулгачихсан юм бэ” гэсэн юм гэсэн. Миний анхны тоглолтын паян гэвэл тэр. Үнэхээр “Хэнтий өндөр ууланд”-ыг цахилгаан хийлээрээ ч, сонгодог хийлээрээ ч гадаад, дотоодгүй хамгийн олон тоглосон сайхан бүтээл маань юм даа.

“Хэнтийн өндөр” шиг сайхан зохиол бүтээлийг бас шинээр зохиож бүтээлгээд үлдээх юм сан гэдэг их том хүсэл мөрөөдөлтэй байдаг. Одоо цагийн хөгжмийн зохиолчдоор 10 том хийлийн бүтээлийг туурвиулж байгаа.


-Өө, ямар сайхан юм бэ?

-Тийм шүү. Түүнийхээ бас яг дунд нь ороод явж байгаа. Нэгэнт л энэ хорвоо дээр ирсэн юм чинь бас үлдээх мөртэй байх ёстой. Тэгэхээр энэ том төсөл дээрээ яг одоо ажиллаж явна.


- Хөгжим бүжгийн коллеж дээр охид “Дээгий эгч шиг тоглодог болмоор байна” гээд очдог болсон гэнэ. 

-Өө, харин тийм. Би бас тэрийг сонсож байсан. Алтаа багш маань ноднин гавьяатын маань найран дээр тэр тухай ярьж байсан. Тэр бол юу юунаас илүү том хүндэтгэл, юу юунаас том хайр мэдрэгдсэн шүү. Тэгэхдээ миний дүү нар их л тууштай байх хэрэгтэй дээ.


-Хийлийг яг ямар хугацаанд сурна гэж ярьж болдог юм, яг хэзээ хийлч боллоо гэж мэдэрч байв даа? 

- Наадах чинь бас их сонин асуулт байна. Эмчийг хэдэн жил сураад эмч болдог вэ гэдэг шиг үү? Хөгжим бүжгийн коллежид 12 жил сурсан. Араас нь Америкт 4 жил сурсан. Уг үндсэн чадвараа бол авчхаж байна гэсэн үг. Бас хүний бүтээлч сэтгэлгээ гээд зөндөөн юм байна. Тэгээд яасхийгээд тоглочихвол цаг үеэсээ хоцрогдчихгүй  вэ гээд одоо ч сурсаар л байна.


-Хийл хөгжим тоглоход 2 тархи зэрэг ажилладаг, ургуулан бодох чадвар, зөн билгийн мэдрэмж нэмэгдүүлж, бүтээлч байдлыг хөгжүүлдэг гэцгээдэг. Тэгвэл Дээгийд хийл хөгжим юу өгсөн бэ?

-Амьдралын бүхий л сайн сайхан бүхнийг өгсөн, үнэн шүү. Үнэхээр бүх зүйл хийлтэй минь холбоотой. Дандаа л чи минь ийм учраас, чамайг тэнд тоглож байхыг харсан учраас, одоо чи ийм хүн учраас гэдэг юм уу дандаа л хийлтэй минь холбогдолтой сайн сайхан бүхэн амьдралд маань урсан орж ирсэн байдаг.

Нэг л зан чанарыг би хийлдээ өгсөн, тэр бол тууштай байсан, үнэхээр тууштай байсан. Нэгээс 12 жил тууштай сурсны араас дахиад 4 жил сурах уу гэдэг асуудал, тийм үү. Түүний араас ерөөсөө л энэ хөгжмөөрөө л явна гэж хийлдээ тууштай зориулж чадсан он жилүүд маань эргүүлээд надад бүгдийг өгсөн. Тэгэхлээр би аливаа нэг зүйлийг зорьж байгаа бол үнэхээр тууштай л байгаарай гэж дахин дахин хэлмээр байдаг.


-Таныг ямар зан чанар чимдэг гэж та боддог вэ? 

 -Алдсан ч, оносон ч яг өөрийнхөөрөө байдаг, тийм айхтар төгс төгөлдөр байхыг хичээдэггүй. Миний хамгийн том үнэт зүйл гэвэл “Дээгий үнэхээр өөрийнхөөрөө шүү, Аймаар өөрөөрөө байдаг нь таалагддаг шүү” гэдэг ойлголт. Би үүнийгээ ч хэзээ ч алдахгүй гэж боддог. 

 

АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД


- “Авьяаслаг монголчууд” шоуг 3 удаа шүүсэн байх аа?

-Тийм ээ, дөрвөн сезон орж ирэхэд 3-т нь шүүсэн.


-Хамгийн олон шүүсэн хүмүүсийнх нь нэг. Ямар зан чанар тань тэр том шоуг шүүхэд нөлөөлсөн гэж боддог вэ? 

-Ер нь бол уг үндэс нь, үнэхээр авьяастай юм уу, авьяасгүй юм уу гэдгийг л харж шүүнэ гэсэн үг шүү дээ. Шоуны зорилго бол зөндөө л дөө. Гэр бүлийг нэгтгэх, хов жив, хар бараан юмнаас хол байж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх гэх мэтээр тоймшгүй их юм байгаа.

Өөрөө авьяасгүй бол авьяастныг танихгүй байх л даа. Тэр талаас нь шүүлгэж байсан болов уу гэж би боддог. Авьяас бол баригддаггүй, мэдрэгддэг зүйл. Энэ хараа энэ бол авьяас гээд бариад харуулчхаж болдоггүй мөртөө мэдрэгддэг. Ер нь бол, гэртээ диван дээрээ байхдаа хүн хамгийн супер шүүгч байдаг л даа. Зурагтаа үзээд сууж байхдаа хүн хэнээс ч хамааралгүй, яг өөрийнхөө ертөнцөөр оршиж байдаг. Яг тэр сэтгэхүйгээр, тэр философиор харж шүүх гэж хичээсэн.



-Энэ хугацаанд олон авьяастныг та харсан байх. Гэхдээ хамгийн их сэтгэлд хүрсэн авьяастан нь таны хувьд хэн байсан бэ? 

- Яг ингээд бодоход, анхны жилүүдэд орж байсан уртын дуучин ах шууд сэтгэлд орж ирж байна. Авьяастнуудын хувьд бол олон байна. Хүн өөрийнхөө туулсан юмтай ойрхон юмыг мартдаггүй гэдэг шиг, нэг гэр бүлийн 5 ах дүү байсан. Ээждээ зориулаад “Ээж минь” гэдэг дууг дуулсан шүү дээ. Нэг айлын найман хүүгийн 5 нь гарч ирээд тайзан дээр дуулсан. Тэр таван ах дүүгийн түүх их гоё, их хөөрхөн, хайр татмаар байсан. Ээж нь үсээ боогоод алчуур зүүчихсэн “Энэ нэг 5 юмны байж байгааг” гэсэн шинжтэй хээв нэг сууж байгаа нь хүртэл хөөрхөн.

Би нэг хүүтэй хүн. Гэтэл 8-ын 8 хүү өсгөсөн гэхээр тэр эх гайхамшиг байгаа биз дээ. Манай Монголын эгэл жирийн л ард түмний амьдрал л даа. Тэгэхдээ үүнийг гаргаж ирдэг нь гайхамшиг байхгүй юу. Тэгэхээр энэ шоуг шүүсэн маань ч нэр төрийн хэрэг. Ард түмнийхээ тэр их хайрыг эргүүлэн илүү их хайрыг ундруулж чадах тийм супер байх юм сан гэж бас чармайж явдаг.


-Хийл хөгжмийг үндэсний хөгжмөө болгосон цөөнгүй орон байдаг гэсэн. Тэгвэл Монголынхоо морин хуурыг юу гэж боддог вэ. Ардын урлагаас таны уран бүтээл, урлагийн замналд ямар нөлөө үзүүлсэн гэж та боддог вэ? 

-Энэ чинь ерөөсөө л монгол хүний маань уг углуурга шүү дээ. Хялгасыг хялгасаар тоглодог хөгжим гэдэг гайхамшигтай, дэлхийд ховор юм.

Хөгжимчин л хүн болсон хойно би морин хуурын хичээл авч үзэхгүй юү. Тэгсэн чинь аймаар хатуу юм билээ. Хийлийн утас нарийхан байдаг л даа. Гэтэл хуруу өвдөөд морин хуурыг дуугаргаж чадаагүй. Хаана ч гэсэн очиход манай үндэсний хөгжим гэж ийм сайхан юм байдаг гэж бахархаад явж байх ёстой. Би уран бүтээлдээ ч оруулсан шүү дээ. Хийл, морин хуур 2-ын гоё зохицол бий.


-Морин хуур зүрхэнд эгшиглэдэг, амьд хөгжим гэж бахдан дуулдаг аа. Морин хуурын ая аялгуу бол үнэхээр гайхамшигтай эгшиглэгээтэй. Энэ хоёр хөгжмийн эгшиглэгээг та харьцуулж хэлж болох уу?

-Одоо тэр гадаах үзэгдэх байдал гэхээсээ илүү монгол хүнээс гарч байгаа хөгжим, урсгал авиа, ая дан бол морин хуураараа ч гарна, хийлээрээ ч  гарна гэж би боддог. Заримдаа дуучидтай өөрийгөө харьцуулахаар надад үнэхээр хоолой байдаггүй байхгүй юу. Зүгээр дуулахын хувьд дуулна л даа. Тэгэхдээ цангинасан сайхан хоолойтой хүмүүсийг хараад, надад яагаад ийм хоолой заяагаагүй юм бэ гээд би атаархана л даа. Тэгсэн чинь би хийлээрээ дуулдаг юм билээ, үнэнээсээ шүү. Миний хоолой чинь хийл юм билээ. Монгол хүний гаргах өнгө, монгол хүний тэр нэг мэдрэмжийг би хийлээрээ гаргаад явах нь миний цаашдын ч том зорилго.

Түрүүн та юугаараа бахархдаг вэ? гэж асуусан.  Байгальтайгаа ойр өссөнийх юм уу үндэсний маань язгуур урлаг, тэр баян тансаг өнгө, чадвар чансаа, дуу хоолой, бүжиг наадмаараа монголчууд үнэхээр агуу.


Бусад үндэсний язгуур урлагуудыг би “доош нь хийж” байгаа юм биш л дээ. Тэгэхдээ дуурайгаад хийчихэж болохоор тийм зүйлсийн дэргэд  уртын дууг маань хэн бүхэн дуулчихаж чадахгүй шүү дээ.


Зүгээр бахархалтайгаар хэлэхэд, аягатай бүжиг маань байна. Тэр олон аягыг толгой дээрээ тавьчхаад бүжиглэж байна. Уран нугараач нар маань дэлхийд гайхагдаж байна. Тэрэн шиг Монголд бас нэг ийм хийлч байдаг юм аа /инээв/. 

Манай Монголын баритонууд дэлхийд толгой цохиж байна шүү дээ. Тэрэн шиг сонгодог гэдэг зүйлээр би уралдахгүй, харин монгол ая дан эгшиг, тэр аялгуу дуурьслыг хийл гэдэг хөгжмөөр ингэж тоглодог хүн байдаг юм аа гэдгийг үзүүлэх юм сан гэсэн үнэхээр том амбиц байдаг шүү.


-Амбиц гэснээс цаашдынхаа төлөвлөгөөнөөс хуваалцаж болох уу?

МОНЦАМЭ агентлаг бол Монголыг дэлхийд сурталчилдаг маш том үүргийг хүлээдэг том хамт олон. Амьдрал баян шүү дээ,  хэний чихэнд хаа хүрээ билээ, хэн ч энэ ярилцлагыг үзээ билээ гэж бодоод Монголд ийм нэгэн хийлч байдаг юм шүү хэмээн өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хуваалцлаа. Одоо зөвхөн Монголдоо тоглоод байх биш, сайхан сайхан уран бүтээлээрээ дэлхийд гарах юм сан гэдэг чин хүсэл маань бас байдаг юм шүү. 

 


相关新闻