БАЯНХОНГОР: Ариутгал, халдваргүйтгэл хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-07-21 15:17:58

Баянхонгор, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд аймгийн хэмжээнд хүчтэй аадар бороо орсонтой холбогдуулан халдварт өвчнөөс сэргийлж халдваргүйтгэл хийж байна.


Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн ариутгалын баг Зэвсэгт хүчний 339 анги, Шаргалжуут 9 баг, Есөн эрдэнэ худалдааны төв, Доод зах түүхий эд, Доод зах хүнсний худалдааны төв зэрэг үерийн усаар бохирлогдсон 32600 м.кв талбайд халдваргүйтгэл хийжээ.


Цаашид Баянхонгор аймгийн нийт нутгаар дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох тул хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэхийг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.


Нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг тус албанаас сануулж байна.


Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээлэл, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах, гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа зохион байгуулалттай байж, нэгнийгээ бүртгэдэг байх, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны орчимд тоглуулахгүй байхыг зөвлөв.


Мөн хийлдэг гудас, тоглоомоор тоглохгүй байх, голын эрэг, татам гуу жалга, үерийн буулттай газар зусах, отоглохгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаагүй гүүр, гармаар зорчихгүй байхыг анхаарууллаа. 

相关新闻