Гар утасны экспортоор Энэтхэг улс Хятадыг гүйцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-07-29 16:16:30

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 29 /CNBC/. АНУ-д ухаалаг гар утас экспортолсон үзүүлэлтээр Энэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлсэн тухай Canalys судалгааны фирм мэдээлжээ. Энэ нь гаалийн татвараас үүдэлтэй тодорхойгүй байдлын улмаас үйлдвэрийн газрууд Хятадаас гадагшилж буйг харуулж байна.


Энэ оны хоёрдугаар улиралд Энэтхэгт угсарсан ухаалаг гар утаснууд АНУ-ын импортын 44 хувийг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үед ердөө 13 хувь байсантай харьцуулахад ихээхэн өссөн үзүүлэлт болжээ. Мөн Энэтхэгт үйлдвэрлэсэн ухаалаг гар утасны тоо өмнөх оны мөн үеэс 240 хувиар өссөн гэж Canalys мэдээлсэн байна. 


Харин эсрэгээрээ Хятадаас АНУ руу экспортолсон ухаалаг гар утасны хувь хэмжээ өнгөрсөн оны мөн үед 61 хувьтай байсан бол энэ онд 25 хувь болж буурчээ. Түүнчлэн Вьетнамаас АНУ-д экспортолсон ухаалаг гар утасны эзлэх хувь хэмжээ 30 хувь байсан нь Хятадынхаас илүү байна.


Энэтхэгийн нийлүүлэлт өссөн нь АНУ, Хятад хоёрын хооронд худалдааны тодорхойгүй байдал үүсэн даамжирч энэ үед Apple компани үйлдвэрлэлээ Энэтхэг рүү шилжүүлж эхэлсэнтэй холбоотой гэж Canalys фирмийн ахлах шинжээч Саням Чаурасиа хэллээ. Тус компани энэ онд АНУ-д борлуулсан iPhone утасныхаа ихэнх хувийг Энэтхэг дэх үйлдвэрүүддээ угсрах ажлыг эрчимжүүлж байгаа бөгөөд ойрын хэдэн жилд тус улсад нийт iPhone утасны дөрөвний нэгийг үйлдвэрлэхээр зорьж байна. iPhone гар утас, Mac зөөврийн компьютер зэрэг Apple-ийн үндсэн бүтээгдэхүүнүүд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын “харилцан тариф”-аас чөлөөлөгдөөд байгаа боловч энэ нь түр зуурын хөнгөлөлт байж болзошгүйг албаныхан анхааруулж байна.


Apple-ийн өрсөлдөгчид болох Samsung Electronic болон Motorola компаниуд Америк дахь ухаалаг гар утас угсрах үйлдвэрлэлээ Энэтхэг рүү шилжүүлэхийг зорьж байгаа боловч энэхүү шилжилт нь Apple-ийнхтэй харьцуулахад удаан, цар хүрээний хувьд хязгаарлагдмал байгааг шинжээчид хэлж байна.

 


相关新闻