Ираны эсрэг хамгийн том багц хориг арга хэмжээ авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 31 /RIA Novosti/. Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа Ираны эсрэг хамгийн өргөн цар хүрээг хамарсан хориг арга хэмжээ авсныг АНУ-ын Сангийн яам мэдэгджээ.
Шинэ хориг арга хэмжээний хүрээнд Ираны дээд удирдагчийн зөвлөх Али Шамханы хүү Мохаммед Хоссейн Шамхантай холбоотой 50 гаруй хувь хүн, хуулийн этгээдийг хоригийн жагсаалтад оруулсан байна.
"Өнөөдрөөс хэрэгжүүлж буй 115 гаруй хориг арга хэмжээ бол Д.Трампын засаг захиргаа Иранд шахалт үзүүлэх кампанит ажлыг эхлүүлснээс хойших хамгийн том хориг арга хэмжээ болж байна. Эдгээр арга хэмжээ нь Америкийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж байгаа бөгөөд Иранаас АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулж буй энэ үед ашиг орлого олсоор байгаа Техраны дэглэмийн дээд түвшний төлөөлөгчдөд хамаатай” гэж АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент мэдэгджээ.
АНУ-ын Гадаад хөрөнгийг хянах газрын мэдэгдэлд дурдсанаар, Шамханигийн хүүг тус улсын эрх баригчид Иран, Оросоос дэлхийн улс орнууд руу түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүн болон бусад бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэдэг танкер, чингэлэгт хөлөг онгоцуудын асар том флотыг байгуулж, удирдаж байгаа хэмээн буруутгаж байгаа ажээ
"Шамханигийн гэр бүлийн далайн тээврийн эзэнт гүрэн нь Ираны дээд албан тушаалтнууд албан тушаалаа ашиглан асар их хөрөнгө хурааж, дэглэмийнхээ аюултай үйл ажиллагааг санхүүжүүлж байна" гэж Сангийн сайд С.Бессент мэдэгдсэн байна.