С.Макинтош гурав дахь алтан медалиа хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-08-01 17:11:51

СИНГАПУР, 2025 оны наймдугаар сарын 1 /CNN/. Канадын усанд сэлэлтийн тамирчин Саммер Макинтош Сингапурт болж буй усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс /ДАШТ/ гурав дахь алтан медалиа хүртжээ. Тэрбээр 200 м-ийн эрвээхэй сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдэх тун дөхсөн байна. 


400 м-ийн чөлөөт сэлэлт, 200 м-ийн холимог сэлэлтийн төрөлд хэдийн ялалт байгуулаад байсан 18 настай С.Макинтош пүрэв гарагт болсон тэмцээний эхэнд дээд амжилтыг эвдэх магадлал өндөр байсан юм. Гэвч 2:01.99 минутад барианд орсон нь 2009 онд Хятадын тамирчин Лю Зигэгийн тогтоосон дэлхийн дээд амжилтаас 0.2 секундээр дутуу байв.


“Өнөө орой дэлхийн дээд амжилтыг эвдэх нь дасгалжуулагч бид хоёрын хамгийн том зорилго байсан. Үүний тулд л би бэлтгэл сургуулилалтаа хийж байсан боловч бага зэрэг хоцорчихлоо, уралдааны замын сүүлийн 12-15 метрт алдаа гаргаснаа мэдэж байна” гэж С.Макинтош финалын гарааны дараа ярилцлага өгөхдөө хэлжээ.



Уг төрөлд Америкийн тамирчин Реган Смит 2:04.99 минутын амжилтаар хоёрдугаарт орсон бол Австралийн тамирчин Элизабет Деккерс /2:06.12/ гуравдугаар байр эзэлсэн байна. Харин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөнгөж 12 настайдаа оролцож буй Хятадын тамирчин Ю Зиди 2:06.43 минутад барианд орсноор медалийн эзэн болж чадсангүй.


С.Макинтош Америкийн усанд сэлэлтийн алдарт тамирчин, нэг ДАШТ-ээс таван алтан медаль хүртсэн Майкл Фелпсийн амжилтанд хүрэхийг эрмэлзэж байгаа бөгөөд цаашдаа 800 м-ийн чөлөөт сэлэлт болон 400 м-ийн холимог сэлэлтийн төрлүүдэд өрсөлдөх ажээ. Тэрбээр өнгөрсөн жилийн Парисын Олимпоос гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэнээр алдар нэрээ цуурайтуулсан билээ. Түүний Сингапурт байгуулсан хамгийн сүүлчийн ялалт нь Олимп, ДАШТ-ээс хүртсэн медалийнх нь тоог 29-д хүргэсэн бөгөөд эдгээрээс 17 нь алтан медаль юм.


Харин Францын алдарт тамирчин Леон Маршан пүрэв гарагт эрэгтэйчүүдийн 200 м-ийн холимог сэлэлтийн төрөлд алтан медаль хүртсэн боловч нэг өдрийн өмнө хагас шигшээгийн гараанд тогтоосон дэлхийн дээд амжилтаа ахиулж чадаагүй байна.



相关新闻