“Тур де Франс” уралдаанд П.Ферран-Прево түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-08-04 10:30:23

ПАРИС, 2025 оны наймдугаар сарын 4 /AFP/. Полин Ферран-Прево ням гарагт Тур де Франс Фамм” уралдаанд түрүүлснээр уг нэр хүндтэй уралдаанд 1989 оноос хойш түрүүлсэн анхны франц эмэгтэй боллоо.


Олимпын аварга 33 настай П.Ферран-Прево нь Нидерландын Деми Воллерингоос гурван минут 42 секундийн өмнө, өнгөрсөн жилийн аварга Польшийн Катарзина Ниевиадомагаас дөрөв минут гаруйн өмнө барианд оржээ.


“Ес дэх буюу хамгийн сүүлчийн шат үнэхээр хэцүү байсан. Гэхдээ би энд шар өмсгөлтэйгээ түрүүлэхээр зориг шулуудан ирсэн. Мөрөөдөл маань биеллээ” гэж П.Ферран-Прево уралдааны дараа сэтгэгдлээ хуваалцсан байна.


Сүүлийн долоон жилийн турш улс дамнасан дугуйн төрөлд голчлон анхаарлаа хандуулсны эцэст П.Ферран-Прево энэ улиралд засмал замын тэмцээнүүдэд оролцож, дөрөвдүгээр сард Францын хойд хэсэгт болсон Париж-Рубе уралдаанд түрүүлж, Бельгид болсон “Тур де Фландри”хоёрдугаар байр, Италийн “Страде Бьянке”гуравдугаар байрт тус тус шалгарсан юм.


Тэрбээр тавдугаар сард Испанид болсон “Ла Вуэльта Фамм” тэмцээнийг бэлтгэл дутуу гэж үзсэний үндсэн дээр орхиж, удахгүй болох Тур де Франс уралдаанд түлхүү анхаарлаа хандуулахыг хүссэн нь ухаалаг шийдвэр болсон байна.  

相关新闻