Хятадын хоёр дахь захидлын хариуд Японы тал НҮБ-д мэдэгдэл илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-12-05 17:10:19

ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /NHK/. Япон улс Тайванийн талаар хийсэн Такаичи Санаэгийн мэдэгдэлтэй холбоотойгоор БНХАУ-аас гаргасан мэдэгдлүүдийг няцаасан хоёр дахь захидлаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришт илгээжээ. Хятадын тал уг асуудлаар хоёр дахь удаагаа захидал хүргүүлсэний дараа ийнхүү илгээсэн байна.


Японы Ерөнхий сайд Т.Санаэ өнгөрсөн сард парламентад үг хэлэхдээ, Тайваньд онцгой байдал үүсэх, тэр дундаа Хятадын тал хүч хэрэглэсэн тохиолдолд Японы оршин тогтнолд аюул учруулах нөхцөл байдал үүссэн гэж үзэх болно хэмээн мэдэгдсэн.


НҮБ-д суугаа Хятадын  байнгын төлөөлөгч Фу Цун 11 дүгээр сарын 21-нд Гутерришт илгээсэн захидалдаа Такаичиг мэдэгдлээсээ татгалзахыг шаардсан байна. Харин Японы тал 24-нд түүнд хариу захидал явуулж, Цуны захидалд дурдсан байр суурийг няцаажээ.


Даваа гарагт Хятадын тал хоёр дахь удаагаа захидал илгээжээ. Уг захидалд буруугаа бусдад тохохыг оролдлоо хэмээн Японыг буруутган, мэдэгдлээсээ татгалзахыг Такаичигаас дахин шаардсан байна.


Үүний дараа НҮБ-д суугаа Японы байнгын төлөөлөгч Ямазаки Казүюки пүрэв гарагт хоёр дахь захидлыг хүргүүлжээ. “Хятадын талын 11 дүгээр сарын 21-ний захидлын адилаар хоёр дахь захидалд дурдсан бүх мэдэгдэл бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй бөгөөд Японы хувьд огтхон ч хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж онцолжээ.


Захидалд мөн Япон улс энх тайвныг эрхэмлэдэг орны хувиар олон улсын хамтын нийгэмлэгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байх болно, цаашид “яриа хэлэлцээ хийх замаар хариу арга хэмжээгээ үргэлжлүүлнэ гэдгийг дурджээ.


Энэхүү захидлыг НҮБ-ын бүх гишүүн орнуудад хүргүүлнэ. 

相关新闻