ӨВӨРХАНГАЙ: Тариалангийн 2038 га талбай мөндөрт цохиулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-08-21 13:03:38

Арвайхээр, 2025 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Хархорин сумын газар тариалан эрхлэгчид жил бүр ургацаа мөндөр цохиулж байна. Тус сумын газар тариалангийн бүс нутагт 7 дугаар сарын сүүл, 8 дугаар сарын эхээр түр зуурын хүчтэй мөндөр орж, иргэн, аж ахуйн нэгжүүд их хэмжээний хохирол амсах тохиолдол арваад жил давтагдаж байгаа юм.


2023 оны 8 сарын 17-нд 2305 га талбай, 2024 оны 7 сарын 19-нд 590 га талбайг мөндөрт цохиулж байсан бол энэ жил 7 дугаар сарын 23-нд таван аж ахуйн нэгж, дөрвөн иргэний 2038 га талбай мөндөрт өртөж, 1340 га талбайн ургац эргэж сэргэхээргүй налж унажээ.


Хархорин бол Өвөрхангай аймгийн газар тариалангийн гол бүс нутаг юм. Дээхнэ үед тэнд мөндөр, үерийг холдуулах систем ажиллуулдаг байсны улмаас тариаланчид ургацаа мөндөрт алдаж байсангүй. Хархорин суманд мөндөр сарниулах экспедиц суурилуулах талаар сүүлийн гурван жил ярьж, УИХ-ын гишүүд, холбогдох газруудад хүсэлт тавьж байгаа ч өнөөг хүртэл шийдэгдээгүй хэвээр байна.


Ташрамд дурдахад, энэ жил Өвөрхангай аймаг 16500 га талбайд тариалалт хийснээс үр тариаг 5190 га, малын тэжээлийг 6856 га, тосны ургамлыг 3780 га, төмсийг 373.7 га, хүнсний ногоог 268.5 га талбайд тус тус тариалжээ. 

相关新闻