ХОВД: “Андрага” түүхэн дуулалт жүжгийг шинээр тоглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-12-04 14:52:30

Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон өвөл цагийн үзвэрийн 88 дахь жилийн нээлтэд зориулан шинэ уран бүтээл болох "Андрага" түүхэн дуулалт жүжгийг үзэгчдэд сонирхууллаа.   

Тус жүжиг нь төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Дамбын Төрбат, Цамбаасүрэнгийн Энхбат нарын зохиол юм. Хөгжмийн зохиолч УГЗ Дашдоржийн Ариунболд, найруулагч СТА Сандуйжавын Алтансүхийн найруулгаар ийнхүү үзэгчдэд хүрчээ.

 

"Андрага" түүхэн дуулалт шинэ жүжигт Ховдын театрын уран бүтээлчдээс гадна ардын дуу бүжгийн Алтай чуулга, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын төлөөлөл оролцсон байна.


Тус жүжгээр дамжуулан ойрадын Эсэн тайшийн тухай болон эртний баатарлаг түүх, эх оронч үзэл, хүний мөн чанар, ёс зүй, нинжин сэтгэл, нөхөрлөлийн үнэ цэнийг харуулахыг зорьжээ.


“Андрага” түүхэн дуулалт жүжгийг энэ сарын 3-нд анх удаа тайзнаа тоглосон бөгөөд үзэгчид эерэгээр хүлээн авч, дахин тоглох хүсэлт гаргасан тухай уран бүтээлчид онцоллоо.

Тус уран бүтээл нь Ховдын театрынхны бүтээсэн гурав дахь түүхэн дуулалт жүжиг гэдгээрээ онцлогтой.
 

Андрага гэх нэрний утгыг зохиолч тайлбарлахдаа, монголчуудын уламжлалт тоглоом наадгайн нэгэн төрөл болох шагай, түүнийг тоглоход зарим нутагт ашигладаг хэлхээс бүхий төмөртэй холбон илэрхийлжээ.    




相关新闻