Хэт холын гүйлтийн дөрвөн өдрийн аялал зохион байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-03 10:48:04

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монголын аялал жуулчлалын холбооноос монголын аялал жуулчлалыг олон улсад сурталчлан таниулах, “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл сунгахыг зорьж байна.


Энэ үүднээс “Empower Mongolia – Breaking Boundaries” олон улсын спорт, аяллын төслийг энэ оны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 1-нд амжилттай хэрэгжүүлж, хэт холын гүйлтийн аяллыг зохион байгууллаа. Аялалд Австри, Герман, Испани, Франц, Швейцар, Шинэ Зеланд болон Монгол Улсын 20 гаруй хүн хамрагдсанаас долоон эмэгтэй Өвөрхангай аймгийн Бүрд, Хархорин, Орхоны хөндий, Батлзий, Хужирт сумын нутгаар дөрвөн өдрийн турш гүйжээ. Энэхүү аялал нь спортоор хичээллэдэг эмэгтэйчүүдийн үнэлэмжийг дээшлүүлэх, соёлын солилцоог дэмжих, монголын нүүдлийн соёл, байгаль орчны өвөрмөц онцлогийг дэлхийд сурталчлах зорилготой байв.



МАЖХ, ХБНГУ-ын “Арчис. Бизнес” ХХК, “Falke“ компанийн “Falke Ergonomic Sport Systems” брэнд хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд оролцогч гүйгчид өөрсдийн нийгмийн сүлжээ, олон улсын хэвлэл мэдээллийн сувгаар Монголын талаарх эерэг сэтгэгдэл, аяллын туршлагаа хуваалцсан нь манай улсын аялал жуулчлалын эерэг имижийг олон улсад түгээхэд хувь нэмэр оруулсан гэж зохион байгуулагчид тодотгожээ.


Тус төсөл нь Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсад сурталчлах бодлогын чухал хэсэг болж, цаашид баруун Европын орнуудаас жуулчдын зорчих урсгалыг нэмэхэд хувь нэмэр оруулах аж.



相关新闻