БАЯНХОНГОР: Шатрын спортын шилдэг 24 тамирчин УАШТ-д оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын ивээл дор Монгол Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63 дахь, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн шатрын тэмцээн Баянхонгор аймагт болж байна.
Тэмцээний нээлт энэ сарын 3-нд болж, аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан, Монголын Шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбилэгт, ИТХ-ын даргын зөвлөх Б.Батсуурь, аймгийн шатрын холбооны тэргүүн Г.Батжаргал болон шатрын спортын шилдэг тамирчид, аймгийн шатрын холбооны гишүүд, шатар сонирхогчид, хүүхэд багачууд оролцлоо.
Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Монгол Улсын Гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул нарын 24 шилдэг тамирчин оролцож байна. Энэ удаагийн улсын аваргад оролцож буй шатарчдын хамгийн залуу нь 14 настай бол хамгийн ахмад нь 37 настай.
Тус тэмцээнээс тамирчид олон улсын болон дотоодын цолын болзлоо хангахаас гадна дэлхийн шатрын 46 дахь олимпиадад оролцох баг бүрэлдэхүүн, 2026 оны үндэсний шигшээ багийн тамирчид тодорно.
Баянхонгор аймагт зохион байгуулж буй тус тэмцээнийг Баянхонгор аймгийн ИТХ-аас Монголын шатрын холбоо, аймгийн шатрын холбоотой хамтран зохион байгуулж буй. Ингэснээр тус тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулсан 12 дахь аймаг болж байгаа юм.