Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг ирэх долоо хоногоос борлуулж эхэлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 4 /Reuters/. АНУ, Канад, Мексикт ирэх онд болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ тасалбарын эхний шатны борлуулалт есдүгээр сарын 10-нд эхэлнэ гэж Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ лхагва гарагт мэдэгдлээ.
Хэсгийн тоглолтуудын тасалбарын үнэ 60 ам.доллароос эхлэх бол финалын тоглолтын тасалбарын үнэ 6730 ам.доллар байх төлөвтэй байна. Энэ удаагийн тэмцээний үеэр түүхэндээ анх удаа динамик буюу хөдөлгөөнт үнээр тасалбарыг борлуулах ажээ.
“Та бүхэнд тасалбараа эрт худалдаж авахыг зөвлөж байна, ялангуяа та тоглолт болох хотод амьдардаг, эсвэл зохион байгуулагч гурван улсын багийн хөгжөөн дэмжигч бол аль болох эртхэн авах хэрэгтэй” гэж ДАШТ-ий үйл ажиллагаа хариуцсан захирал Хеймо Ширги мэдэгджээ. “Энэ бол тасалбараа эрт аваарай гэсэн мессеж юм, учир нь цаашид юу ч болж магадгүй” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Хөл бөмбөгийн хорхойтнуудын дунд ихээхэн хүлээлт үүсгээд буй тасалбарыг үе шаттайгаар худалдаанд гаргах юм. Эхний үе шат болох “Visa Presale Draw”-д хөгжөөн дэмжигчид ФИФА-гийн хөгжөөн дэмжигчийн бүртгэлийг албан ёсны цахим хуудсанд үүсгэх шаардлага бөгөөд зөвхөн 18-аас дээш насны Visa карт эзэмшигчид хүсэлт гаргах боломжтой байна.
Энэхүү бүртгэлийн цонх есдүгээр сарын 10-19-ний хооронд үргэлжлэх бөгөөд амжилттай хүсэлт гаргасан хүмүүст есдүгээр сарын 29-нөөс эхлэн цахим шуудангаар мэдэгдэл хүргүүлж, 10 дугаар сарын 1-нээс эхлэн тасалбар худалдан авах цаг нээгдэж, 104 тоглолтын тасалбар худалдаанд гарах ажээ.
ФИФА-гийн мэдээлснээр, борлуулалтын хоёр, гурав дахь үе шат нь мөн сугалааны системээр явагдах бөгөөд 10 дугаар сарын сүүлээр, 12 дугаар сарын эхээр болно. Түүнчлэн тэмцээн ойртох тусам хөгжөөн дэмжигчид үлдсэн тасалбаруудыг түрүүлж бүртгүүлснээр худалдан авах боломжтой болох гэнэ.
2026 оны хөл бөмбөгийн ДАШТ 2026 оны 6-7 дугаар сард АНУ, Канад, Мексикийн 16 хотод болох бөгөөд түүхэндээ 48 баг оролцсон анхны тэмцээн болно.