Иргэдийн санал санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn системийг нэвтрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Засгийн газрын бодлогыг төлөвлөх, шийдвэр гаргах үйл явцад иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авах, цахим хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой D-GOV.mn цахим системийг нэвтрүүллээ.
D-GOV.mn цахим системд гаргасан иргэн, хуулийн этгээдийн саналыг 20,000-100,000 иргэн дэмжиж, цахимаар санал өгсөн тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэл болох юм. D-GOV.mn цахим системд иргэн хуулийн этгээдээс гаргасан саналыг 30-аас доошгүй хоног байршуулж, санал авна. Энэхүү цахим системийг ашиглан санал авснаар Засгийн газрын бодлого шийдвэрт олон нийтийн оролцоо бодитоор тусах боломж бүрдэнэ. D-GOV.mn-д өгсөн, журмын шаардлага хангасан иргэд, олон нийтийн саналын шийдвэрлэлтийн явцыг нээлттэй харуулна.
Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11-11” төв иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авдаг, E-Mongolia систем төрийн үйлчилгээг цахимаар үзүүлдэг бүтэц. Харин D-GOV.mn цахим систем нь иргэдийн санал санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгахаараа ялгаатай. Тиймээс D-GOV.mn цахим систем олон нийтийн оролцоонд тулгуурлаж, төрийн үйлчилгээ, чанар, хүртээмж, бүтээмжийг дээшлүүлэх, инновац бий болгох талаар санал авах систем гэж ойлгож болно.
“Иргэдийн санал санаачилгын цахим системийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ийнхүү баталлаа.