ХОВД: Урьдчилсан байдлаар 300 мянга гаруй толгой малыг зах зээлд нийлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-11 10:12:20

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Ховд аймагт 8000 орчим малчин өрхийн 3.5 сая толгой мал бий. 


Энэ жилийн тухайд 200 мянган толгой малыг хүнсэнд хэрэглэх, 300 мянга гаруй толгой малыг зах зээлд нийлүүлэх урьдчилсан судалгаа гарчээ. 


Мөн хаврын улиралд мах, махан бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх, үнийн өсөлтийг тогтворжуулах үүднээс Ховдынхон махны нөөц бүрдүүлэхэд анхаарна. Цаашид Ховд аймгаас гадаад улс руу мах экспортлохоор төлөвлөж байна. 


Ховд аймгийн зарим компани, аж ахуйн нэгжүүд Иран, Узбекистан зэрэг улсад мах экспортлохоор стандартын дагуу бэлтгэж байгааг хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд онцоллоо. 


Одоогийн байдлаар Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 70 орчим хувьд бэлчээрийн даац хэтэрсэн нь өвөлжилт, хаваржилтад сөргөөр нөлөөлж, мал маллахад эрсдэл үүсэхээр байна. Иймд малын тоог бууруулж эдийн засгийн эргэлтэд оруулах, отор нүүдэл хийх, өвс тэжээл бэлтгэх зэргээр зудын эрсдэлийг эртнээс тооцож урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж буй.     

相关新闻