Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-09-16 10:25:31

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр энэ жил “Шинжлэх ухаанаас Дэлхий нийтийн үйл хэрэг рүү” уриан дор болж байна.


Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны сорилт улам хурцдаж буй энэ үед, хүн төрөлхтний хамтын хүчин чармайлтаар хийсэн хамгийн амжилттай олон улсын гэрээ болох Озоны үе давхаргыг хамгаалах Венийн конвенцын 40 жилийн ойг бүх улс орон хамтран тэмдэглэж байна. Жил бүрийн 9 дүгээр сарын 16-ны өдрийг дэлхий нийтээр ийнхүү тэмдэглэж байгаа нь озоны үе давхаргыг хамгаалах олон улсын гэрээнүүд нь шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан улс орнуудын бодит шийдвэр, хамтын үйл ажиллагаа болон хэрэгжсэн хамгийн тод жишээ юм.


Улс орнуудын хамтын ажиллагааны үр дүнд озон задалдаг бодисын хэрэглээг дэлхий даяар 99 хувиар багасгаснаар озоны үе давхарга сэргэх хандлагатай болж 2066 онд Антарктидад, 2045 онд Хойд туйлд, 2040 он гэхэд бусад бүсэд 1980 оны түвшинд хүрч нөхөгдөх төлөвтэй байгаа юм.


Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтөөр гидрофторт нүүрстөрөгчийн (HFCs) хэрэглээг үе шаттай бууруулснаар 2100 он хүртэл Дэлхийн дулаарлыг 0.3–0.5°C-аар багасгах боломжтой. Эрчим хүчний хэмнэлт хийснээр энэ үр дүнг хоёр дахин нэмэх боломжтой гэж үздэг аж.


Монгол Улс 1996 онд Венийн конвенц, Монреалийн Протоколд нэгдэн орсноос хойш озоны давхаргыг хамгаалах, озон задалдаг бодисыг хэрэглээнээс гаргах, дэлхийн дулааралд нөлөөлөх бодисын хэрэглээг үе шаттай багасгах үүргээ тууштай биелүүлж байгаа.


Манай улс Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг 2022 онд баталж, энэхүү нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталсан 137 дахь орон болсон. Озон задалдаг бодисын импорт, хэрэглээг үе шаттай багасгах, хяналт шалгалтыг сайжруулах хүрээнд зөвшөөрөл олгох, бүртгэл, хяналтын системийг сайжруулж цахимжуулан, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна. Гаалийн ажилтнууд, хөргөлтийн инженер, техникчдийн чадавхыг дээшлүүлэх сургалтыг жил бүр зохион байгуулж, олон улсын гэрээний хэрэгжилтийг дэмждэг. Мөн олон нийтийн мэдээлэл сурталчилгаа хийж, залуус, төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэний нийгмийн оролцоог өргөжүүлж байна.

相关新闻