БАЯНХОНГОР: Спортын 28 төрөлд 3146 тамирчин өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-09-17 10:14:45

Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монголын бүх ард түмний спортын зуны 16 дугаар наадмын нээлтийг Баянхонгор хотноо энэ сарын 16-нд зохион байгууллаа.


Орон нутагт анх удаа болж буй тус наадамд оролцох 21 аймаг, 9 дүүргийн Биеийн тамир спортын газрын баг тамирчид аймгийн төвөөр парадад алхан Баганат талбайд бэлэн жагсав. Энэхүү наадамд 879 багц медалийн төлөө спортын 28 төрөлд 3146 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний 11 төрөл Улаанбаатар хотод, 17 төрөл Баянхонгор аймагт болж байгаа юм.


Наадмын нээлтэд Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн, Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамны Биеийн тамир спортын бодлогын хэрэгжилтийг зохицуудах газрын дарга Д.Жаргалсайхан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, наадмын зохион байгуулагчид, төрийн байгууллагынхан, ард иргэд, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн БТСГ, хороодын дарга нар, спортын холбоодын удирдлагууд оролцлоо.

Уг наадам Улсын спарткад нэршлээр 1946-1954 онд 9 удаа, Монголын бүх ард түмний спарткад нэршлээр 1961-2004 онд 11 удаа, 2008 оноос хойш Монголын бүх ард түмний спортын наадам нэршлээр таван удаа болж байжээ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор баталсан Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журамд Монголын бүх ард түмний спортын наадмын зуны төрлийг 2021 оноос, өвлийн төрлийг 2019 оноос 4 жил тутам, олимпийн дараагийн жилд зохион байгуулахаар тогтоосон байна. Энэ удаагийн наадмыг олимпийн 16, олимпийн бус хоёр, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн найм, нийт 28 спортын төрлөөр зохион байгуулж байгаа юм.


Монголын бүх ард түмний спортын зуны 16 дугаар наадмыг нээж хэлсэн үгэндээ аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, "Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны чиглэлд туссан “Эрүүл иргэн – Хонгорын баялаг” зорилтын хүрээнд аймгийн ИТХ-ын 2024 оны 29 дүгээр тогтоолоор 2025 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Энэхүү наадам нь зорилтот жилийн үйл ажиллагаанд онцгой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Иргэдийнхээ биеийн тамир, спортоор хичээллэх идэвхийг нэмэгдүүлж, хүүхэд багачууд, иргэдээ эрүүл чийрэг, амьдралын зөв хэв маягийг төлөвшүүлэх, олон нийтийн оролцоог өргөжүүлэх зорилгоор тус наадмыг орон нутагтаа анх удаа зохион байгуулж байна" гэдгийг онцолж байв.


Баянхонгор аймаг баг бүртээ спортын заал, хүүхдийн тоглоомын талбай байгуулж, спортын бааз суурь, дэд бүтцийг цогцоор нь шийдвэрлэсэн төдийгүй 2023 онд анх удаа Монголын хүүхдийн спортын зуны 7 дугаар наадмыг амжилттай зохион байгуулсан туршлагатай. Энэ удаагийн тэмцээн уралдааныг спортын 11, урлагийн гурван зааланд тэмцээн уралдааныг нэгэн зэрэг зохион байгуулж байна.


Ард иргэдийн нийтийн биеийн тамирт дуртай болгох, спортын шилдгүүд туршлага солилцох, тив, дэлхийд алдраа цуурайтуулах тамирчдыг тодруулах зэрэг олон талын ач холбогдолтой тус наадмыг МҮОНТ, ТВ5, Баянхонгор аймгийн Номгон телевиз шууд дамжуулан үзүүлж байна.











相关新闻